ДОРНОД: Төв номын сангийн 80 жилийн ой тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-02-28 17:44:10

Чойбалсан, 2026 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн нэрэмжит Төв номын сангийн 80 жилийн ой энэ онд тохиож байна. 


1946 онд аймгийн Нийтийн номын сан нэртэйгээр 300-гаад номтой, нэг эрхлэгчийн орон тоотойгоор анх байгуулагджээ. Харин 1974 онд номын сангийн зэргийг шинэчлэн тогтооход улсын гуравдугаар зэргийг номын сан болсон юм. Зах зээлийн жилүүд буюу 1994 онд "Юм" судар, "Банзрагч", "Есөн эрдэнээр бичсэн ном" зэрэг судруудыг худалдан авч, ховордсон номын фондыг анх үүсгэсэн бол гурван жилийн дараа аймгийн Төв номын сан болсон түүхтэй. 

Сүүлийн жилүүдэд буюу 2020 онд Нийтий уншлагын танхимаа чөлөөт сонголттой болгож, дараа жил нь эртний баримтат өв 2300 гаруй номын нэрийг тодруулж, 320 номыг тусгай дугаартай болгожээ. Дөрвөн жилийн өмнөөс dom.mn цахим номыг санг ажиллуулж, цахим уншлагын танхимыг нээж уншигчдад үйлчилж байгаа юм. Мөн гадаах уншлагын "Ногоон номын сан", "Гэр бүлийн уншлагын танхим"-ыг шинээр нээгээд байна.


Сонирхуулахад, Цэндийн Дамдинсүрэнгийн нэрэмжит Дорнод аймгийн Төв номын сангийн сан хөмрөгт 200-300 жилийн өмнөх үед хамаарах төвөд болон монгол бичгээр бичсэн эртний 2000 гаруй ном судар бий. Дээрх судар бичгүүдийн дийлэнх нь шашны холбогдолтой бүтээлүүд байдаг.  





Related news