ДОРНОД: Шуурганд 43 мянган толгой мал урууджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-02-28 09:17:11

Чойбайлсан, 2026 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Энэ сарын 21-ний өдрийн цасан шуурганаар Халхгол сумын хэмжээнд 43 мянга гаруй толгой мал уруудсанаас 15 мянгыг нь олсон байна. Нийт 208 толгой мал хорогдсон гэж сумын ЗДТГ-аас мэдээлэв.


Халхгол суманд цас зудын нөхцөл байдлын улмаас зам, даваа хаагдаж, айл өрхүүдийн хашаа, малын бэлчээр цасанд дарагдсан учраас энэ өдрүүдэд аймгийн Онцгой комиссын орлогч дарга, Засаг даргын орлогч Ч.Ганбат, Зүүн бүсийн төв Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Нармандах, аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Батмөнх нараар ахлуулсан бүлэг газар дээр нь ажиллаж, шуурхай арга хэмжээ авч байгаа юм. Томилгоот бүлгийг дахин гурав хоног сунгаж ажиллуулахаар шийдвэрлэжээ. Өнөөдрийн байдлаар гурван багийн чиглэлд 25 машинтай 106 хүн ажиллаж байна. Сумын хэмжээнд АИ92 46,4 тн, түлш 13,8 тн, нүүрс гурав хоногийн нөөцтэй, уурын зуухны гэмтлийг засварлажээ. ЕБС болон СӨБ-ын сургалт цахимаар хэвийн явагдаж байна.


Өнөө шөнөөс эхлэн цаг агаар муудна. Мөн гуравдугаар сарын 2-ны өдөр Дорнод аймгийн нутгийн төв болон өмнөд хэсгээр, 2-ноос 3-нд шилжих шөнө, 3-ны өдөр нийт нутгаар цас орж шуурна. Энэ үеэр салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр, 2, 3-нд ихэнх нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэхийг УЦУОШТ-өөс анхааруулав. 

Related news