ТӨВ: Сургуулиудад англи хэлний филиппин багш ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2026 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудад филиппин англи хэлний багш ажиллана.
Төв аймаг 2026 оныг “Боловсролын жил” болгон зарласантай холбогдуулан орон нутгийн боловсролын чанарыг шинэ шатанд гаргах ажлууд эхэллээ.
Тодруулбал, 2025 оны элсэлтийн шалгалтын дүнд Төв аймаг боловсролын түвшнээр доогуур үнэлэгдсэн тул аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр хэд хэдэн ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж эхний ажил нь ийнхүү хэрэгжиж байна.
Энэхүү ажлын хүрээнд Төв аймгийн Боловсролын газар болон Монгол-Филиппиний Боловсрол, соёлын төв хамтран филиппин англи хэлний багшийг сонгон шалгаруулах ярилцлагыг зохион байгуулжээ.
Ингэснээр мэргэжлийн гадаад багшийг орон нутагт ажиллуулж, сурагчдын англи хэлний мэдлэг, чадварыг олон улсын түвшинд хүргэх, мөн багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжих чухал алхам тавигдаж байна.
Ташрамд, Энэ зун солилцоогоор америк багш нар ирж зарим айлд амьдарна.
