Японд төрөлт 10 дахь жилдээ дараалан буурлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 27 /Kyodo/. Япон улсад өнгөрсөн онд нийт 705,809 хүүхэд төрсөн нь 2024 оныхтой харьцуулахад 2.1 хувиар буюу 15,179-өөр буурч, 1899 оноос статистик бүртгэл хөтөлж эхэлснээс хойших хамгийн доогуур үзүүлэлт болсныг тус улсын Эрүүл мэнд, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам мэдээллээ. Ингэснээр тус улсад төрөлтийн тоо 10 дахь жилдээ дараалан буурчээ.
Гадаадын иргэдийн төрөлтийг тусгасан уг үзүүлэлт Японы хүн ам хурдацтай хөгширч буй энэ үед бууралттай хэвээр байна. Инфляц өсөж, амьжиргааны өртөг нэмэгдсэн нь хүүхэд өсгөхтэй холбоотой санхүүгийн дарамтыг нэмэгдүүлж буйг ажиглагчид онцолжээ. Гэхдээ төрөлт буурах хурдац өмнөх жилийнхтэй харьцуулахад тодорхой хэмжээнд саарчээ.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, эдийн засгийн тодорхойгүй байдлаас гадна олон хүн гэрлэх, хүүхэдтэй болох шийдвэрийг хожуу гаргах эсвэл огт гэрлэхгүй байх хандлага нэмэгдэж байгаа нь төрөлт буурахад нөлөөлж байна.
Эрүүл мэнд, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамнаас гаргасан урьдчилсан мэдээгээр, төрөлтөөс нас баралтыг хасаж тооцсоны дараа хүн амын бууралт 899,845-д буюу түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Японы Хүн ам, нийгмийн хамгааллын судалгааны үндэсний хүрээлэнгийн тооцооллоор, гадаадын иргэдийн төрөлтийг оролцуулан тооцсон нийт төрөлтийн тоо 2042 он хүртэл 710 мянгаас доош буурахгүй гэж таамаглаж байв. Гэтэл тус яамны 2024 оны зургаадугаар сард гаргасан танилцуулгад дурдсанаар, төрөлт 2024 онд 680 мянга болж буурсан бөгөөд анх удаа 700 мянгаас доошилсон байна.
Өнгөрсөн онд гаргасан шинэ мэдээллээр, төрөлт 2.1 хувиар буурсан нь 2024 оны 5.0 хувийн бууралтаас доогуур үзүүлэлт юм. Энэ нь өнгөрсөн онд гэрлэлтийн тоо хоёр дахь жилдээ дараалан өсөж, 1.1 хувиар нэмэгдэн 505,656-д хүрсэнтэй тодорхой хэмжээнд холбоотой гэж үзэж байна. Гэсэн ч энэ тоо цар тахлын өмнөх үе буюу 2019 он хүртэл жил бүр бүртгэгдэж байсан гэрлэлтийн тооноос /600 мянга гаруй/ нэлээд доогуур хэвээр байна. COVID-19 цар тахал нь нийгмийн харилцааны хэв маягийг ихээхэн өөрчилсөн юм. Японы 47 мужийн дотроос Токио болон төвийн бүсийн Ишикава мужид төрөлт нэмэгдсэн нь ховор тохиолдол юм. Токиод төрөлтийн тоо 1.3 хувиар өссөн нь сүүлийн есөн жилийн хугацаан дахь анхны тохиолдол бөгөөд нийслэл рүү шилжин суурьших хөдөлгөөн нэмэгдсэн, мөн хотын захиргаанаас хэрэгжүүлж буй төрөлтийг дэмжих бодлого нөлөөлсөн байж магадгүй гэж шинжээчид үзжээ. Харин Ишикава мужийн хүн амын өсөлт нь 2024 оны нэгдүгээр сард Ното хойгийг дайрсан хүчтэй газар хөдлөлтийн дараах сэргэлттэй холбоотой гэж тайлбарлаж байна.
Үлдсэн 45 мужид төрөлт буурсан хэвээр байгаа бөгөөд хамгийн огцом бууралт Шиманэ мужид бүртгэгдэж /8,7 хувь/, Ямагата, Аомори, Нагано мужуудад багагүй хэмжээний бууралт ажиглагджээ. Хөдөө орон нутгийн иргэд томоохон хотууд руу шилжин суурьшсаар байгаа нь хүн амын бууралтад нөлөөлж байна. Одоогоор ийм чиг хандлага орон нутагт бараг өөрчлөгдөхгүй байгаа юм.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, 2025 онд Японд 1.61 сая хүн нас барсан нь 2024 оныхоос 13,030-аар буурсан үзүүлэлт юм.
Статистик мэдээллийг үзвэл, 1973 онд Японд ойролцоогоор 2.09 сая хүүхэд төрж байсан бол төрөлтийн тоо 2016 онд анх удаа нэг саяас доошилжээ.