ДОРНОД: Нөгөөдрөөс эхлэн цаг агаар муудна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Энэ сарын 28-наас гуравдугаар сарын нэгэнд шилжих шөнө, мөн 2-ны өдөр Дорнод аймгийн нутгийн төв болон өмнөд хэсгээр, 2-ноос 3-нд шилжих шөнө, 3-ны өдөр нийт нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг УЦУОШТ-өөс анхааруулж байна. Энэ үеэр салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр, 2, 3-нд ихэнх нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -12...-17 градус хүйтэн байна гэв.
Өчигдөр цасан шуурганаар Гурванзагал сумын
гурван иргэн малтайгаа уруудаж, сумаас томилогдсон бүлэг тэднийг өнөө өглөө
эсэн мэнд олжээ. Мөн Баянтүмэн сумын нутагт хөдөө цасанд сууж, машинаа орхиж
явсан 45 настай эрэгтэй Г-г аврагчид эрэн хайж, машин суусан газраас 13 км-ийн
зайнаас эсэн мэнд олсон гэж аймгийн ОБГ-аас мэдээлэв. Иймд
ард иргэд, малчдыг цаг агаарын гэнэтийн үзэгдлээс сэрэмжтэй байж, аюулгүй
байдлаа хангахыг холбогдох байгууллагуудаас зөвлөж байна.