ХӨВСГӨЛ: Мөсний наадамд хамгийн гоё үндэсний хувцсаараа гангарсан иргэдийг шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-02-25 13:29:16

Мөрөн, 2026 оны хоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. "Хөх сувд-2026" мөсний наадам Хөвсгөл аймгийн Хатгал суманд 3 дугаар сарын 2-4-нд болно.


Энэ үеэр монголчуудын уламжлалт соёл, үндэсний хувцас, эд хэрэглэл, ур хийцийг сурталчлан таниулах, өвлүүлэн уламжлуулах, давтагдашгүй шийдэл бүхий загварыг дэмжих, залуу үед үндэсний өв соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготойгоор  “Өвлийн гоёл” үйл ажиллагааг зохион байгуулна.


Мөсний наадамд үндэсний хувцсаараа гоёж ирсэн иргэдээс хамгийн гоё үндэсний хувцастай хосууд, ганцаарчилсан, хүүхэд гэсэн 3 төрөлд шилдгүүдийг шалгаруулж урамшуулна.


"Өвлийн гоёл" үйл ажиллагаанд оролцох иргэд малгай, гутал, хөөрөг даалин зэрэг бүрэн өмсгөлтэй байх шаардлагатай бөгөөд  шилдгүүдийг мөсний наадмын 2 дахь өдөр шалгаруулна. 

 



 

Related news