ХӨВСГӨЛ: “Билэг ерөөлийн баяр” үзэсгэлэн дэлгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-02-24 18:55:40

Мөрөн, 2026 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн төв музейд “Билэг ерөөлийн баяр” түр үзэсгэлэн дэлгэлээ.  


Тус үзэсгэлэнд музейд хадгалагдаж буй авдруудыг танилцуулж байна. Монголчууд эртнээс авдрыг айлд буян тогтоож, эд баялаг дууддаг хэмээн хэрэглэж ирсэн.


Авдар нь бурхан шүтээнийг дээрээ залсан, нандин бүхнийг дотроо агуулсан эрхэм сав юм. 


Малчид эрт дээр үеэс нүүдэл хийхдээ авдраа тусгайлан тоононы хамтаар тэмээ, тэргэнд ачаалж нүүдэг заншилтай.


Авдар нь нүүдлийн ая даахуйц бат бөх бөгөөд хэмжээ, хэв маягаараа том, бага ялгаатай. Түүнээс гадна өнгө будаг, хээ хуар, зүмбэр, чимэглэл, зураг дүрслэл нь монголчуудын уламжлалт оюун сэтгэлгээ, урлаг, гоо сайхан, шашин шүтлэг, ертөнцийг үзэх үзэлтэй нягт холбоотой юм.


Монголчууд дэлхийн бусад үндэстний адил эртнээс төрөл бүрийн модоор олон эд хэрэглэл чадварлагаар хийж ирсэн баялаг уламжлалтай.


Судлаачдын тэмдэглэснээр монгол мужаанууд ахуйн хэрэгцээндээ 30 гаруй нэр төрлийн мод ашиглаж ирсэн бөгөөд түүний дотроос хар мод, хуш, нарс, зандан, гацуур зэргээр авдар хийх нь түгээмэл байжээ.

 




 

 

Related news