Ц.Гантулга: Сүүлийн үед зарим пянзны олдоц багассан учир үнэ нь 1 сая төгрөг хүртэл өсөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-02-24 14:47:48

“Зуунмод, 2026 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод сумын Соёлын төвд 2026 оны гуравдугаар сарын 2-нд “Миний мөрөөдөл: The Beatles цуглуулга” үзэсгэлэнг нээж, гуравдугаар сарын 2-9-ний өдрүүдэд аймгийн музейд дэлгэнэ. Энэ талаар цуглуулагч Ц.Гантулгатай ярилцлаа.

 

-“Миний мөрөөдөл-The Beatles” нэртэй үзэсгэлэнгийн талаар яриагаа эхэлье. Энэхүү үзэсгэлэнд нийт хэдэн төрлийн ямар үзмэрүүдийг олон нийтэд толилуулахаар төлөвлөж байна вэ?

-Би Налайх дүүргийн Голомт сургуульд биеийн тамирын багшаар ажилладаг. Энэхүү үзэсгэлэндээ пянз, CD, DVD, кассет, тэмдэг, ном, сэтгүүл, хөзөр, плакат зэрэг олон төрлийн цуглуулгаа дэлгэхээр төлөвлөж байна.

The Beatles бол дэлхийн хэмжээний домогт хамтлаг учраас үзэсгэлэнгээ “Миний мөрөөдөл-The Beatles” хэмээн нэрлэсэн.


-Пянзны үзэсгэлэнгээ та хэд дэх удаагаа дэлгэж байна вэ? Зургуудаас харахад нэлээд олон газар дэлгэн үзүүлсэн санагдаж байна?

-Үзэсгэлэнгээ Эрдэнэт, Дархан, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт дэлгэн үзүүлсэн. Энэ удаад Төв аймагт дэлгэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.


-Үзэсгэлэнг үзэж сонирхсон хүмүүсээс таны сэтгэлд хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн, мартагдашгүй үйлдэл хийсэн үзэгч байсан уу?

-Сурагчид "The Beatles" хамтлагийн хөзөр, кассет, пянз, дэрний уут зэрэг зүйлсийг маш их сонирхон, асууж тодруулж байдаг нь миний сэтгэлд хамгийн тод үлдсэн.


-Та хэдэн оноос пянз цуглуулж эхэлсэн бэ? Одоогоор таны цуглуулгад нийт хэдэн пянз байна?

-1996 оноос хойш цуглуулаад 1000 гаруй пянзтай болсон байна.


-Анх пянз сонсож байсан үеийнхээ дурсамж болон цуглуулж эхэлсэн үеийнхээ түүхээс хуваалцана уу?

-"The Beatles" хамтлагийн дууг анх 7-р ангийн сурагч байхдаа ЗХУ-ын Мелодия пүүсийн гаргасан “Вкус Медиа” пянзаар сонсож байв. Анх сонсож байсан дуу нь A Taste of Honey буюу Вкус Медиа байсан бөгөөд энэ дуу одоо хүртэл миний санаж буй хамгийн сайхан дурсамж болон мөнхөрсөн. Найзуудтайгаа хамт сууж сонсож байсан тэр дууны аялгуу маш яруу, тансаг сонсогдож байсан.


-The Beatles хамтлагийн аль цомог танд хамгийн их таалагддаг вэ? Мөн дуртай нэг дуугаа нэрлээд, түүний онцлогийг товч хуваалцана уу?

-The Beatles хамтлаг нийт 13 цомог гаргасан бөгөөд би бүх цомогт нь дуртай. Тус хамтлагийн хамгийн сүүлийн дуу болох "Now and Then"-д дуртай. The Beatles хамтлаг тарсаны дараа олон жилийн дараа гаргасан энэхүү дууг нь сонсоход хайрламаар санагддаг.


-Пянз сонсох нь спикер, телевизор зэрэг төхөөрөмжөөр дуулах дуунаас ямар ялгаатай байдаг вэ?

-Пянзны дуугаралт нь цэвэр аналоги бөгөөд амьд сонсогддог гэдгээрээ бусад төхөөрөмжөөр сонсож буй дуунаас ялгаатай.


-Цуглуулгатай хүмүүсийн хувьд ховор зүйлсийг олох нь хамгийн хэцүү байдаг шүү дээ. Таны хувьд цуглуулгаа хэрхэн цуглуулдаг вэ?

-Дуртай зүйлээ олж авмаар ч олддоггүй, ховордсон тохиолдлууд элбэг гардаг. Гэхдээ хобби нэгт найзууд, ах нар минь тийм зүйлсийг олоод өгдөг нь үнэхээр баярламаар байдаг. Ховор, нандин зүйлсийг бэлэглэдэг. Мөн өөрөө хайж олоод гадаадаас захиалан авчирдаг. Сүүлийн үед зарим пянзны олдоц багассан учир үнэ нь 1 сая төгрөг хүртэл өсөж байна.


-Цуглуулгатай байснаар танд ямар давуу тал бий болдог вэ?

-Хөгжим сонссоноор стресс арилж, тайвширч, тархи амардаг. Мөн зан чанарын хувьд уян зөөлөн, эерэг энерги, эрч хүчтэй, өөртөө итгэлтэй болдог.


-Сүүлийн үед залуус пянз цуглуулах сонирхолтой болж эхэлсэн байна. Анхлан цуглуулагч нарт туршлагаасаа хуваалцвал?

-Пянзны цуглуулга гэдэг нь олон жилийн тууштай хөдөлмөр, ихээхэн цаг хугацаа, мөнгө шаарддаг хобби юм. Жишээ нь, дундаж пянз нэг зуун мянган төгрөгөөс дээш үнэлгээтэй байдаг.

Ярилцсанд баярлалаа.

 







 

Related news