ХӨВСГӨЛ: Цаа, цасны баяр энэ сарын 27, 28-нд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн цаатан иргэдийн аж амьдралыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой “Цаа, цасны баяр-2026” өв соёлын наадам Цагааннуур суманд энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно.
Энэ үеэр цааны уралдаан, олс таталт, гар бөмбөгийн тэмцээн, цаа, цасны буухиа, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн гар урлалын бүтээгдэхүүний худалдаа зэрэг болно.
Цаатан иргэд 2024 онд 2765 толгой цаа тоолуулж байсан бол өнгөрсөн оны жилийн эцсийн тооллогоор 2941 цаа тоолуулж өмнөх оны мөн үеийнхээс 6.4 хувиар өссөн байна.
Тус аймгийн хэмжээнд 2020 оны хүн ам, орон сууцны тооллогоор тайгад 123 өрхийн 189 цаатан иргэд цаа маллан амьдарч байна.

