ДОРНОД: Халхгол суманд нөхцөл байдал хүнд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Халхгол суманд цасан шуургатай, нөхцөл байдал одоогоор хүнд байна.
Өчигдрийн цасан шуурганы үеэр малынхаа араас явж байсан олон хүн төөрчээ. Тэдний зарим нь машиндаа хоргодож эсэн мэнд олдсон бол нэг гэр бүлийн аав, ээж, хүү гурав малдаа явж байхдаа машин нь саатаж, явган сураггүй алга болсон байна. Ах дүү нар нь араас нь эрэн хайж, өнөө өглөө аав, хүү хоёрыг осголтын байдалтай олсон боловч эхнэр нь амиа алдсан байсан гэж эх сурвалж мэдээллээ. Газрын тосны 21-р талбайгаас эмч очиж үзлэг хийж, аав хүү хоёрыг аймгийн төв рүү тээвэрлээд байна. Сумаас бүлэг гарсан боловч цас их, үзэгдэх орчингүй, одоог болтол эргэж ирээгүй байна гэв.
Мөн 70 гаруй насны иргэн малын хашаа руугаа орохоор гэрээсээ гараад сураггүй болжээ. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа ч одоог хүртэл олдоогүй байна.
Сумын төв рүү ордог Хамар давааны зам цасанд хаагдсан, трактороор зам гаргасан ч шуургатай байгаа учраас зам даваа хаагдаж байна.
