Хиймэл оюуныг зохицуулах дэлхийн хэмжээний байгууллага байгуулахыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2026-02-20 16:03:24

ШИНЭ ДЕЛИ, 2026 оны хоёрдугаар сарын 20 /AFP/. ChatGPT-г бүтээсэн OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Альтман хурдтай хөгжиж буй хиймэл оюуны салбарт олон улсын зохицуулалтын механизмыг яаралтай бий болгохыг уриаллаа.


"Хүн төрөлхтний хөгжил дэвшил, сайн сайхан байдлыг хангах хамгийн сайн арга бол хиймэл оюуныг ардчилсан байдлаар хөгжүүлэх юм. Энэхүү технологийг ганц компани эсвэл ганц улс төвлөрүүлэх нь сүйтгэлт үр дагаварт хүргэж болзошгүй" гэж тэрбээр Шинэ Делид болж буй "AI Impact Summit" олон улсын дээд хэмжээний уулзалтад пүрэв гарагт үг хэлэхдээ мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, дэлхий нийтэд Олон улсын атомын энергийн агентлагтай төстэй бүтэц шаардлагатай болж магадгүй бөгөөд энэ бүтэц нь олон улсын хэмжээнд хамтран ажиллах, хиймэл оюуны салбарт гарах өөрчлөлт, эрсдэлд шуурхай хариу арга хэмжээ авах боломжтой байх ёстой гэжээ.


"AI Impact Summit 2026" дээд хэмжээний уулзалт Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо "Бүгдэд хөгжил дэвшил, бүгдэд аз жаргал" уриан дор даваа гарагт эхэлжээ. Таван өдөр үргэлжлэх энэхүү дээд хэмжээний уулзалтад дэлхийн өнцөг булан бүрээс  төр, засгийн тэргүүн нар, технологийн тэргүүлэх компаниудын удирдагчид, улстөрчид, судлаачид болон технологи сонирхогчид хиймэл оюуны хөгжилтэй холбоотой сорилтуудыг хэлэлцэхээр хүрэлцэн ирсэн байна. 


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш мөн хиймэл оюуны ирээдүйг "цөөн хэдэн тэрбумтны мэдэлд үлдээж болохгүй" гэж анхааруулжээ. Тэрбээр хиймэл оюуны технологийг тэгш хүртээмжтэй болгохын тулд 3 тэрбум ам.долларын дэлхийн сан байгуулахыг уриалсан байна.

Related news