ТӨВ: Ланс хайрхныг эргэж хурайллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2026 оны хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Богд уулын зүрх хэмээн нэрлэгдсэн Ланс хайрхныг жил бүрийн цагаан сарын шинийн нэгний өглөө Төв аймгийнхан эргэж хурайлан, нар харж, тухайн жилийнхээ ажил үйлсийг даатгадаг заншилтай.
Төв аймгийн Зуунмод сумын нутагт орших Ланс хайрхан нь далайн түвшнээс дээш 1850 орчим метрт өргөгдсөн.
Энэхүү хайрхан нь Богдхан уулын зүүн өмнөд хэсэгт, Зуунмод хотын зүүн талд оршдог бөгөөд нутгийн иргэд бэлгэшээн тахиж ирсэн түүхтэй.
Богдхан уулын дархан цаазат газрын бүсэд хамаардаг, аялагчид болон нутгийн иргэдийн алхалт хийх дуртай цэгүүдийн нэг юм.
Ланс хайрхныг жил бүр уламжлал болгон тахидаг бөгөөд орон нутгийн иргэд лусын эзэд савдаг тэргүүтнийг аргадан тахиж ажил үйлсээ даатгадаг байна.
Мөн тус хайрхан нь Зуунмод хотын оршин суугчид болон ахмадуудын хувьд эрүүл мэнд, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор уулаа гороолох аялал хийдэг гол цэгүүдийн нэг юм.
