ХӨВСГӨЛ: "Улаан-Од" ХХК Улсын аварга тариаланч хамт олон боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Сао шинийн босгон дээр Рашаант сумын “Улаан-Од” ХХК “Улсын аварга тариаланч хамт олон” болж шагналаа гардан авлаа.
Шагналыг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх болон сум, орон нутгийн удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэлээ.
“Улаан-Од” ХХК нь 1996 онд байгуулагдаж газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр 29 дэх жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.
Үндсэн болон гэрээт 15 ажилтантай тус компани 3216 га эргэлтийн талбай эзэмшдэг бөгөөд жил бүр 1500-1800 га-д улаанбуудай, халтар арвай, ногоон тэжээл, тосны ургамал тариалж байна.
Мөн 80-150 га талбайд усалгаатай тариалан эрхэлж, нэг га-гаас 18-45 центнер ургац хураан авч, тогтвортой өсөлтийг ханган ажиллаж байна.
Хураан авсан ургацаа Хөдөө аж ахуйн биржийн Булган салбар болон "Улаанбаатар гурил" ХХК-д нийлүүлж, дотоодын зах зээлийг чанартай бүтээгдэхүүнээр хангаж байна.
Жил бүр 80 орчим га-д халтар арвай тариалж, дунджаар 130 тонн ургац хураан авч, 40 тонн арвайн гурил үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг.
Үрийн чанар, хөрс хамгаалал, ургац нэмэгдүүлэх чиглэлээр Ургамал, газар тариалангийн хүрээлэн, Хөдөө аж ахуйн их сургуулийн агро биологийн эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллаж, шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлж байна.
Нийгмийн хариуцлагын хүрээнд 70-аас дээш насны 100 гаруй ахмад настанд жил бүр Цагаан сараар өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дээжээс гарын бэлэг гардуулдаг нь тус хамт олны бахархалт уламжлал юм.

