ХӨВСГӨЛ: Улсын аварга малчин С.Баасанцэрэн уламжлал, шинэчлэлийг хослуулан мал аж ахуйг хөгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-02-16 18:34:09

Мөрөн, 2026 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Сар шинийн босгон дээр Бүрэнтогтох сумын Их-Уул багийн малчин С.Баасанцэрэн “Улсын аварга малчин” цол хүртлээ.


Шагналыг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн болон сум, орон нутгийн удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэлээ.


С.Баасанцэрэн нь мал аж ахуйн салбарт 30 гаруй жил тасралтгүй хөдөлмөрлөж, таван хошуу малыг тэнцвэртэй өсгөн үржүүлж ирсэн туршлагатай, манлай малчдын нэг юм.


Тэрээр уламжлалт мал маллах арга ухааныг орчин үеийн менежменттэй хослуулан, сүргийн чанар, ашиг шимийг дээшлүүлэхэд онцгой анхааран ажиллаж иржээ.


Жил бүр малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг тогтмол бэлтгэн нийлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулан, малын ашиг шимийг бүрэн хүртэхийн зэрэгцээ зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарч, хөдөлмөрийн үр өгөөжийг нэмэгдүүлж байна.


Тэрээр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 2 өрхийг байнгын ажлын байраар, 4 хүнийг түр ажлын байраар ханган, татвар, хураамжаа тасралтгүй төлж, хууль ёсны үүргээ нэр төртэй биелүүлж байна.


С.Баасанцэрэн нь 2015 онд сумын аварга, 2016 онд аймгийн аварга, 2018 онд аймгийн хошой аварга малчнаар шалгарч байсан хөдөлмөрч нэгэн юм.

 

Related news