ТӨВ: Манзушир хийдийн орчимд ариун цэврийн шинэ байгууламж барина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2026 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Байгаль хамгаалах сангаас 150 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж, Манзушир хийд орчимд ариун цэврийн байгууламж барина.
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Э.Цогбадрах, “Эхний ээлжид стандарт ариун цэврийн байгууламжийг барьж байгуулах хэрэгцээ их байна. Мөн отоглох цэг, зам, жимүүдийг тодорхой болгох асуудлууд байгаа бөгөөд энэ зун эдгээр ажлуудыг хийж эхэлнэ” гэв.
Төв аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтэн М.Цээпил, "Манзуширын хийдийн туурийг түүх, шашин, соёл, аялал жуулчлалын төв болгох зураг төсвийг хийсэн. Эхний ээлжид гадаад, дотоодын жуулчид, хүүхдүүдийг хүлээж авахад ариун цэврийн байгууламж хамгийн ихээр тулгамддаг асуудлын нэг болоод байна.
Иргэд дуртай газартаа хоноглох, хог хаях, бие засах, ил гал түлэх зэрэг байгаль орчинд аюултай үйлдлүүд гаргаж байгаа тул нэн түрүүнд отоглох цэгийг тодорхой болгож, ариун цэврийн байгууламжаар бүрэн хангах хэрэгтэй” гэв.
Богд хан ууланд эмчилгээний шинж чанартай хэд хэдэн рашаан, 54 зүйлийн хөхтөн амьтан, 1660 орчим зүйлийн шавж, 194 зүйл шувуу бүртгэгдсэн байдаг. Эдгээр ан амьтад, байгалийн өвөрмөц тогтцыг харахаар жилд давхардсан тоогоор дунджаар 100 гаруй мянган хүн тогтмол ирдэг байна.