УВС: Аварга хадланч В.Батмөнх энэ жил 7 мянган боодол өвс бэлтгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2026 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Бөхмөрөн сумын Байшинт багийн хадланч Владимирийн Батмөнх “Аймгийн аварга хадланч” цол хүртлээ.
Тэрбээр сүүлийн 10 гаруй жил тасралтгүй өвс, хадлан, тэжээл бэлтгэж, сум орон нутаг болон баруун бүсийн малчдад нийлүүлэн, өвлийг өнтэй давахад өөрийн хувь нэмрээ оруулсаар иржээ. Мөн хадлан тэжээл бэлтгэхээс гадна Ачит нуурын сав газарт байрлах хадлангийн талбайн усжуулалтын системийг сэргээх, арчилгаа тордолгоо хийх, зам харилцааг сайжруулах зэрэг ажлыг санаачлан хэрэгжүүлжээ. Түүнчлэн “Ачит нуурын арвин хишиг” хоршоо байгуулж, сумынхаа хадланчдыг нэгтгэн ажиллахын зэрэгцээ Баянхонгор аймагт их зутарсан жил сумынхаа бэлтгэсэн 1000 боодол өвсийг хандивлаж байжээ.
В.Батмөнх энэ жил 7 мянган боодол өвс бэлтгэж, бүгдийг нь
Баян-Өлгий аймаг руу худалджээ. Тэрбээр жилд 7-8 мянган боодол өвс бэлтгэж,
нэг боодол өвсийг дунджаар 15 мянган төгрөгөөр худалддаг бөгөөд борлуулалт
сайтай байдаг ажээ.
Бөхмөрөн сум цас багатай, намраараа шахуу өвөлждөг, өвс ургамлын гарц сайн, аргаль, янгир, ирвэс зэрэг зэрлэг ан амьтад элбэг, онгон дагшин байгальтай гэдгээрээ онцлогтой. Мөн хөдөлмөрч иргэд өвлийн улиралд ч хадлан бэлтгэдэг.
“Аймгийн аварга хадланч”-ийн шагналыг аймгийн Засаг
даргын зөвлөх С.Анхбаяраар ахлуулсан аймаг, сумын удирдлагууд гардуулан өгч
баяр хүргэлээ.
