ДОРНОД: Тусгай хэрэгцээт иргэдэд санхүүгийн боловсрол олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол банк тусгай хэрэгцээт иргэдэд санхүүгийн боловсрол олгох сургалтын хөтөлбөрийг боловсруулна. Өнөөдөр Дорнод аймагт “Гэрээсээ гарцгаая” аян нээлтээ хийж, 100 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөлөл оролцож байна. Энэ хүрээнд ХБИ-ийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг Монгол банкнаас зохион байгуулж байгаа юм.
Монгол банк 2016 оноос олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлж, хүүхдэд багаас нь санхүүгийн мэдлэг олгох чиглэлд түлхүү ажиллаж, боловсролын хөтөлбөрт бизнес судлал хичээлийг сонгон судлахаар, их дээд сургуулиудад хувь хүний санхүүгийн хичээл оруулах зэргээр бодлогын ажилд түлхүү анхаарсан байна. Одоо харин тусгай хэрэгцээт иргэдэд санхүүгийн боловсрол олгоход зориулсан хөтөлбөр боловсруулах шаардлагатай гэж үзэж байна.
Уулзалтын үеэр харааны бэрхшээлтэй иргэдэд санхүүгийн
боловсрол олгох цахим сургалтын материалыг брайл үсгээр хэвлэх, сонсголын бэрхшээлтэй
иргэдийн дохионы хэлмэрчийг санхүүгийн мэдлэгтэй болгох, бизнес эрхлэхийг хүсэж
байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд арилжааны банкуудтай хамтран бизнесийг нь
бойжуулж дэмжих, ердийн зээлээс хугацаа урт, хүү бага байх, ипотекийн зээлд дараалалгүй оруулах
зэрэг санал хүсэлтийг илэрхийллээ.