ХӨВСГӨЛ: Мөсөн хотхоныг “Гайхамшигт Хөвсгөл” сэдвийн хүрээнд урлана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт жил бүр зохион байгуулдаг мөсний баярыг өргөжүүлэх, орон нутгийн иргэдийн тогтвортой орлогыг нэмэгдүүлэх, дотоод, гадаадын аялагчдад таатай орчин бүрдүүлэх зорилгоор “Гайхамшигт Хөвсгөл” хотхоныг байгуулах төслийг нээлттэй зарлалаа.
Төсөлд оролцох аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, холбоо нь 10-аас доошгүй мэргэжлийн урлаачтай байх бөгөөд мөсөн гулгуур, өндөр Гонгор, Алунгоо эх 5 хөвгүүний хамт, буган чулуун хөшөө зэрэг Хөвсгөл нутгийн онцлогийг харуулсан мөсөн хотхон урлах юм.
“Хөх сувд-2026” олон улсын мөсний баяр энэ оны гуравдугаар сарын 2-4-ний өдрүүдэд болно.
Анх 2000 онд “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагч Д.Лхагвацогт, Ж.Төмөрсүх нарын санаачилгаар “Сантын өвөр” гэдэг газарт мөсний баяр зохион байгуулж, арваад чаргатай морины уралдаан болж нутгийн иргэд оролцож байжээ.
Харин 2001 оноос мөсний баярын хүрээ тэлж, өнөөдрийг хүртэл уламжлал болгон тэмдэглэж, Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн чухал ажил болон өргөжин хөгжиж байна.


