ДОРНОД: Эм, эмнэлгийн хэрэгслийг адил үнэ өртгөөр нийлүүлэх ажлыг зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-02-06 09:19:08

Чойбалсан, 2026 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Дорнод аймагт ажиллалаа.


Энэ үеэр Зүүн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч, ажилтнуудтай уулзалт хийлээ. Салбарын сайд эмч нарыг ангиограф, зүрхний үзлэг, оношлогоог жигд сайн хийж байгааг онцлон тэмдэглээд, дурангийн хагалгаанд ашиглах иж бүрэн багц төхөөрөмжөөр хангах боломжийг дэмжихээ илэрхийлэв. Аймгийн удирдлага БОЭТ-д дурангийн хагалгаа, дүрс оношлогоонд шаардлагатай имарайн мониторын талаар танилцуулж, үүнийг ашиглах, ажиллуулахад 300 сая төгрөгийн өртөг, жилийн даатгалд нэг тэрбум төгрөг шаардлагатай тул эдийн засгийн тооцоог нарийвчлан хийхийг зөвлөв.


БОЭТ өнөөдрийн байдлаар дөрвөн тэрбум төгрөгийн өртэй бөгөөд ихэнх нь татвар, нийгмийн даатгалаас үүссэн. Эрүүл мэнд, боловсролын салбарт орон тооны цомхотгол хийхгүй гэж УИХ-аас мэдэгдсэн ч ЭМЯ-наас 2026 оны төсвийг батлахдаа Дорнод аймгийн хөдөөгийн сумдын Эрүүл мэндийн төвүүдээс нийт 66 орон тоог цомхотгожээ. Ж.Чинбүрэн сайд хэлэхдээ: “Жирэмсний амралт, хүүхэд харах чөлөөтэй ээжүүдийг хассан байсан. Энэ асуудлыг эргэн харж, улсын хэмжээнд 270-аад орон тоог буцааж сэргээхээр ажиллаж байна” гэв.


Дорнод аймагт жилдээ 1200 орчим хүүхэд төрдөг. Энэ онд улсын хэмжээнд анх удаа томуугийн 300 мянган хүн тун вакциныг бүрэн ашиглажээ. Өмнө жилүүдэд хамрагдалт муу байсан учраас 30-40 хувийг нь асгадаг байсан гэв. Томуугийн дархлаажуулалт сайн байсантай холбоотойгоор энэ өвчнөөр хүүхэд хүндрэх тохиолдол эрс багасчээ. Ирэх онд 500 хүн тун болгохоор төлөвлөж байна. Түүнчлэн иргэд хавдрын эрт илрүүлэгт хамрагдах идэвх тааруу байгааг анхааруулаад хамгийн хамрагдалт сайтай нь умайн хүзүүний эрт илрүүлэг 49 хувьтай байдаг гэсэн юм. Гэхдээ 2012 оноос умайн хүзүүний эрт илрүүлгийг улсын хэмжээнд хийж эхэлсэн ч жилд 300 гаруй эмэгтэй энэ өвчнөөр нас барж байгаа юм.


Эмч нар цалин хөлс, эрүүл мэндийн байгууллагын үзлэг оношилгооны үнэ өртөг, үйл ажиллагааны зардал, алдагдал, Яаралтай түргэн тусламжийн тасагт архидан согтуурсан иргэдийг хүлээж авах нь хүндрэлтэй, хүлээн авахаар үйлчлүүлэгчдийн 60 хувь нь эрүүл мэндийн даатгал төлдөггүй иргэд байдаг зэрэг олон асуудлын талаар салбарын сайдад хандсан. Тухайлбал, улсын эмнэлэгт нэг хүний үзлэг, ЭХО тус бүр 20 мянган төгрөг, ходоодны дуран 70 мянган төгрөг, гемодиализийн аппаратад ороход 175 мянган төгрөгийн өртөгтэй байна. Гэтэл тог, ус, дулаанаас эхлээд бусад зардал нэмэгдэж байгаа нь эрүүл мэндийн салбарыг элгээр нь хэвтүүлж байна гэж эмч, ажилтнууд ярилаа.


Монгол Улсад өргөн хэрэглэж байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг адил үнэ өртгөөр нийлүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа энэ үеэр дуулгасан. ЭМЯ-наас хяналт шалгалт хийхэд нэг компанид үйлдвэрлэсэн, нэг төрлийн эмийг нэг сая төгрөгийн зөрүүтэй үнэлсэн, энгийн хэрэглээний хоёрхон төрлийн эмэнд 20 тэрбум төгрөг зарцуулсан, манай улсын хилээр нэвтэрсэн гэж бүртгэгдээгүй 1.2 тэрбум төгрөгийн эмийг устгалд оруулсан гэж баримт бүрдүүлсэн зэрэг ноцтой зөрчил илэрснийг танилцуулсан. Цаашид гааль дээр ирж байгаа бөөний эмийн үнийг ил болгоно гэв.

www.em.hdc.gov.mn сайтаас иргэд эмийн үнэ харах боломжтой. Энэ сайтыг улсын хэмжээнд нэвтрүүлж ашиглаад гурван сар гаруйн хугацаа өнгөрч байна. Ийнхүү хяналтын тогтолцоог нэвтрүүлснээр зарим төрлийн эмийн үнэ буурчээ. Энэ мэтчилэн замбараагүй зардлыг цэгцэлснээр эрүүл мэндийн салбар тулгамдсан асуудлуудлуудаа шийдэх боломжтой гэсэн юм.  

 

Related news