Н.Одвогмэд: Зүү ороох нь нэг талдаа бясалгал болдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-02-06 11:04:56

Улаангом, 2026 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол туургатны оюун ухаанаас урган гарсан хээ хуар, ерөөл бэлгэдэл, өвөрмөц хэв шинжийг агуулсан гар урлалын бүтээл олон бий. Түүний нэгэн өвөрмөц төрөл нь зүү ороож даалин урлах уламжлал юм. Сар шинийн баяр ойртож буй энэ өдрүүдэд даалин урлаач Н.Одвогмэдтэй цөөн хором ярилцлаа.


-Даалин урлахад анхаарах хамгийн чухал зүйл нь юу вэ?

-Даалин урлахад их цаг хугацаа шаарддаг тул цагаа зөв төлөвлөх хэрэгтэй. Өөр зүйл хийхгүйгээр зөвхөн нэг даалин урлахад хамгийн багадаа 14 хоног зарцуулдаг. Мөн чанартай материал сонгохгүй бол торго сэмрэх, хөврөх эрсдэлтэй. Монголчууд хөөргөө үе дамжин хэрэглэдэг ард түмэн тул удаан эдэлгээтэй даалин урлах нь чухал юм. 

Даалин нь эр хүний хийморийн уут гэж үздэг. Иймээс бүсгүйчүүд маань дахин давтагдашгүй, хэн нэгэн дуурайж чадахгүй, 100 хувь өөрийн гараар бүтээсэн даалин урлаж, хайртай хүмүүстээ бэлэглэх нь сар шинийн хамгийн сайхан бэлэг болно.


-Зүү ороох оёдлын онцлог нь юунд оршдог вэ?

-Зүү ороох оёдол нь буцаж хөвөрдөггүй, маш бат бөх, эдэлгээ сайтай оёдол юм. Энэ оёдлыг ямар нэгэн машинаар дуурайлгаж оёх боломжгүй бөгөөд ингэж урласан бүтээл хаана ч очсон үнэ цэнээ алдахгүй. Мөн зүү ороох оёдол нь нэг талдаа өөртөө бясалгал, тайвшрал авчирдаг давуу талтай.


Би өөрийн хобби, дур сонирхлоо дагасаар сүүлийн 10 гаруй жил даалин урлаж байна. Өнгөрсөн хугацаанд ажлынхаа зав чөлөөгөөр 150 гаруй даалин урласан бөгөөд захиалга ч багагүй ирдэг. Гэхдээ дуртай зүйлээ хийж байгаа учраас төвөгшөөдөггүй.


-Зүү ороож даалин урлахаас гадна өөр ямар бүтээлүүд хийдэг вэ?

-Мөнгөний хэтэвч, цүнх, бүс, гутал, малгай, үсний сав, монгол дээл гэх мэт маш олон зүйлийг монголчууд зүү ороох оёдлоор урладаг. Миний хувьд дээрх бүгдийг урлаж үзээгүй, гагцхүү даалин урлалаа хөгжүүлээд нэр төрлөө нэмээд явж байгаа.

Гэхдээ сүүлийн үед эмэгтэйчүүдийн гар цүнх, үсний савыг урлаж үзэж байгаа. Ямар ч байсан боломжийн болж байна.

Би даалин урлахаас гадна даалингийн бэлдэц хийж худалддаг. Бэлдэц гэдэг нь торгоо сонгоод хатгах зургийг нь зурж, наалтыг нь наахаас гадна зүү, утаснуудыг нь сонгох, загасан нурууг нь бэлдэж өгөхийг хэлнэ. Бэлдцийн хувьд материалын чанараасаа шалтгаалаад янз бүрийн үнэтэй байдаг. Даалин урлахад япон, энэтхэг торгонууд хамгийн сайн нь байдаг.

-Ярилцсанд баярлалаа.

 

Related news