УВС: Лабораторийн оношилгоо шинэ орчинд шилжсэн нь хүртээмжийг нэмэгдүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2026 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг өнгөрсөн онд барьж дууссан бөгөөд лабораторийн хэсэг нь эхний ээлжид нүүн орж үйл ажиллагаагаа жигдрүүлжээ.
“Манай лаборатори өмнө нь ажлын өдрүүдэд 08:00-10:00 цагийн хооронд иргэдээс шинжилгээ авдаг байсан бол энэ оноос эхлэн 12:00 цаг хүртэл авч байна. Үйлчлүүлэгчид аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчид үзүүлж, шаардлагатай бүх төрлийн шинжилгээний захиалгаа цахимаар бүртгүүлсэн байх шаардлагатай.
Шинээр 2-3 аппарат нэмж суурилуулснаар хүчин чадал нэмэгдэж, ямар нэгэн хүндрэл чирэгдэлгүй, хүлээгдэлгүйгээр иргэдэд түргэн шуурхай үйлчилж байна. Өмнө нь амбулаторийн лабораторийн шинжилгээг өдөрт дунджаар 100 хүнд хийдэг байсан бол 2026 оны нэгдүгээр сараас эхлэн 300 хүнд үйлчлэх боломжтой болж, хүчин чадал гурав дахин нэмэгджээ. Мөн яаралтай шинжилгээг цагийн хязгаарлалтгүйгээр 23.00 цаг хүртэл авч байгаа бөгөөд үүнээс хойш яаралтай тусламжаар үйлчлүүлсэн тохиолдолд ажилтнууд дуудлагаар ажиллаж байна.
Манайх биохими, цус, хавдрын маркерууд болон шээсний дэлгэрэнгүй шинжилгээ, нян судлал, молекул биологи, эмгэг судлал зэрэг бүх төрлийн шинжилгээг хийж байгаа" хэмээн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Үйл онош зүйн тасгийн ахлах лаборант Н.Одонтуяа ярилаа.