УВС: Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран ажиллах санамж бичгээ шинэчиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-02-03 15:04:26

Улаангом, 2026 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Дэлхийн байгаль хамгаалах сан 1997 оноос хойш Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаатай байнга хамтран ажиллаж ирсэн байна.

 

Энэ хүрээнд хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, 2026–2030 онд биологийн төрөл зүйл ялангуяа цоохор ирвэсийн амьдрах орчныг хамгаалах, судлах, хил дамнасан тусгай хамгаалалттай газрын үйл ажиллагааг дэмжих, мөн байгаль хамгаалагчдыг сурган чадавхжуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг хоёр тал энэ сарын 2-нд шинэчлэн байгууллаа.

 

Энэ үеэр Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд нэн шаардлагатай байгаа дуран, зургийн аппарат, богино долгионы гар станц, телескоп зэрэг тоног төхөөрөмжийг гардуулан өгсөн юм.

 

Увс аймгийн зургаан суманд 160 гаруй ирвэс амьдардаг бөгөөд тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах, тоо толгойг өсгөх тал дээр мэргэжлийн байгууллагууд анхаарлаа хандуулсаар байна.

 

 

Related news