УВС: Өсвөрийн шатарчдын “Цодгор хүү” тэмцээний шилдгүүд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2026 оны
хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Өсвөрийн шатарчдын аймгийн аварга
шалгаруулах "Цодгор хүү-2026" тэмцээн энэ амралтын өдрүүдэд боллоо.
Тэмцээний дөрвөн насны ангилалд нийтдээ 200 гаруй хүүхэд оролцож, оюун ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдлөө. Увс аймагт 24 дэх жилдээ зохион байгуулж байгаа тус тэмцээний зохион байгуулагчид энэ жилийн хувьд өсвөрийн шатарчдын өрсөлдөх чадвар илүү өндөр байгааг онцоллоо.

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр BABY SHOP хүүхдийн
барааны дэлгүүр 17 дахь жилдээ ажилласан бөгөөд тэргүүн, дэд байр эзэлсэн 16
хүүхдэд Улаанбаатар хот руу явах автобусны зардлыг нь олгосноос гадна шавь
нараа амжилттай бэлтгэсэн багш нарыг мөн шагнаж урамшууллаа.
Багийн дүнгээр М.Дэлгэрдалай багштай Нэгдүгээр сургууль
тэргүүлсэн бол Б.Батбуян багштай Малчин сум, Ж.Лхагвасүрэн багштай Алтанхүү
клуб тус тус удаалсан байна. Тус тэмцээнийг аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил,
хамгааллын газраас аймгийн Шатрын
холбоотой хамтран зохион байгуулсан юм.

