Конгын уурхайд нуралт үүссэний улмаас олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2026-01-31 13:57:36

ПРЕТОРИА, 2026 оны нэгдүгээр сарын 31. /ТАСС/. Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын зүүн нутаг дахь нэгэн уурхай нурсны улмаас 227 хүн амиа алдсан тухай Хойд Киву мужийн захирагчийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлснийг Ройтерс агентлаг эш татан дамжууллаа.


Осол болсон уурхай “3 дугаар сарын 23-ны хөдөлгөөн” /М23/ гэдэг босогчдын бүлэглэлийн хяналтад байдаг ажээ.


Нуралт 28-ны өдөр болсон бөгөөд амиа алдсан хүмүүсийн тоог нарийн тогтоогоогүй байна. Рубайя хотын ойролцоох уг уурхайд колумбит-танталит /колтан/ гэдэг металлыг олборлодог ажээ. Уг металлыг цахилгаан автомашины ба гар утасны цэнэг хуримтлуурыг хийхэд ашигладаг байна.  


БНАКонго улс нь колтаны олборлолтоор дэлхийд тэргүүлдэг бөгөөд жилд 2 мянга орчим тонныг олборлодог ажээ. Үүний тал хувийг нь Хойд Киву мужийн Рубайя хот орчмын ордуудаас олборлодог байна.   


2024 онд босогчдын М23 бүлэглэл колтан олборлодог ихэнх уурхайг хяналтдаа авчээ. Конгын эрх баригчид “М23-ыг дэмждэг, колтаныг хууль бусаар олборлодог”  хэмээн хөрш Руанда улсыг буруутгасаар байгаа юм. 

Related news