УВС: “Ирвэс хамгаалах төсөл” хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-01-29 14:45:22

Улаангом, 2026 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Дэлхийн байгаль хамгаалах сан "Ирвэс хамгаалах төсөл"-ийг 2026-2030 он хүртэл дөрвөн аймгийн 22 суманд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

 

"Ирвэс хамгаалах төсөл" нь Увс аймгийн Түргэн, Сагил, Бөхмөрөн, Ховд, Өмнөговь, Тариалан суманд хэрэгжих бөгөөд төслийн судалгааны баг Увс аймагт ажиллаж, суурь судалгааг хийж байна.

 

Ирвэс хамгаалах төслийн хүрээнд байгальд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ болон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийг манай баг судалж байна. Төслийн хүрээнд ирвэсийг хамгаалахад малчдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор малчин өрхийн нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, малын түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, борлуулалтыг сайжруулах зэрэгт онцгой анхаарч ажиллах юм. Ингэснээр ирвэсийн тоо толгой нэмэгдэж, байгаль орчны тогтвортой хөгжил хангагдах болно’ хэмээн "Технож бизнес инкубатор төв"-ийн судлаач Д.Ганбат онцлов.

 

Дэлхийн байгаль хамгаалах сан "Ирвэстэй нутгийн ирээдүй" төслийг 2018-2025 онд амжилттай хэрэгжүүлсний дараа ийнхүү дараагийн шинэ төслөө эхлүүлж байгаа юм.


Улсын хэмжээнд 650 гаруй ирвэс амьдарч байгаа гэсэн судалгаа байдаг бөгөөд үүнээс Увс аймгийн дээрх сумдад 160 гаруй ирвэс тоолсон байна. Энэ жил улсын хэмжээнд ирвэсийн тоо толгойг дахин тоолох ажлыг хийхээр төлөвлөжээ.


Related news