ДОРНОД: Хар тогоруу Улз голд зусаад Японд өвөлждөг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Олон улсын нэршлээр Grus monacha гэх энэ шувууг бид хар тогоруу хэмээн нэрлэдэг. Энэхүү хар тогоруу Дорнодын Улз гол, Түргэний цагаан нуурт зусаад Японд өвөлждөг.
Монголын шувуу хамгаалах төвийн судлаачид Бээжингийн Их сургууль, Дорнод хамгаалалтын захиргаатай хамтран 2019 оноос эхлэн Хэрлэн, Улз гол дагуух тогорууны судалгааг хийж байна. Дээр дурдсан хар тогоруу нь манай улсын нутагт өвөлждөггүй, зөвхөн зусдаг шувуу юм. Энэхүү тогоруу Дорнод аймгийн Баяндун сумын Түргэний цагаан нуураас хөдөлж, Хөх нуураар дамжин хойш эргэж, Оросын Тарь нуур, Онон голын ай сав, түүнээсээ зүүн эргэж урагшилсаар Амар мөрөн орж уруудан Хятадын зүүн хойд хэсэгт нэлээд саатсаны дараа Японд очсоныг ажиглажээ.
Хар тогоруу өвөгт тогоруунаас биеэр арай том цагаан саарал
хүзүүтэй, дух хэсэг хар, зулай нь улаан, бор нүдтэй, хараан бараан зүстэй нэн
ховор зүйлийн шувуу юм.