ДОРНОД: Маршалын албан ажилдаа хэрэглэж байсан радио хүлээн авагч
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. БНМАУ-ын Ерөнхий сайд, хошой баатар, XX зууны Монгол төрийн нэрт удирдагч, цэргийн жанжин, маршал Хорлоогийн Чойбалсангийн хэрэглэж байсан радио хүлээн авагч Дорнод аймгийн музейд хадгалагдаж байна. Энэ олон улсын радио хүлээн авагч нь хоёр талдаа шүүгээтэй: зүүн талдаа пянзны суурь, тоглуулагч, баруун талдаа 10 ширхэг хундаганы тавиуртай.
“Монголын ард түмний хайрт жолоодогч нөхөр Чойбалсан танаа. Дэлхийн залуучууд ба оюутны 3-р фестивальд оролцсон Монголын залуучуудын төлөөлөгчдөөс танд дурсгал болгов. 1951.08.19” гэсэн бичиг бүхий радио хүлээн авагч нь Монголд цор ганц хадгалагдаж байгаа эд өлгийн зүйл юм.
Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, маршал Х.Чойбалсан 1885 оны хоёрдугаар сарын 8-нд Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Чойбалсан хотод малчин эмэгтэй Хорлоогийн гуравдугаар хүү болон мэндэлжээ. Маршал Х.Чойбалсан засгийн эрх барьсан хугацаанд Монголын түүхэнд эдийн засаг, соёлын олон чухал үйл явдлууд өрнөсөн байна. Тухайлбал, 1939, 1945 оны дайн, 1945 онд Монгол Улс тусгаар тогтнолоо баталгаажуулсан, Налайхын чулуун нүүрсний уурхай, Төв цахилгаан станц байгуулагдсан, Монгол уйгуржин бичгийг кирилл үсэгт шилжүүлж, бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгасан; анхны 10 жилийн дунд сургууль, Улсын их сургуулийг байгуулсан зэрэг чухал түүхэн үйл явдал болсон билээ.