ТӨВ: Бүтээгдэхүүний сав, баглаа боодол худалдан авалтад нөлөөлдөг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-01-26 16:21:52

Зуунмод, 2026 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Төв аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг нэг дор худалддаг “Төв аймагт үйлдвэрлэв” дэлгүүрийн менежер Г.Цэцгээтэй ярилцлаа.



-"Төв аймагт үйлдвэрлэв" дэлгүүр анх үйл ажиллагаагаа эхлэх үед 8 сумын 10 гаруй бүтээгдэхүүн худалдаж байсан. Өнөөдрийн байдлаар хэдэн сумаас бүтээгдэхүүн худалдах төв болж чадсан бэ?

-“Төв аймагт үйлдвэрлэв” дэлгүүрийг 2021 оны 12 дугаар сараас эхлэн ажиллуулж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд худалдаж буй бүтээгдэхүүний хүрээ 8 сумын 10 гаруй бүтээгдэхүүнээс 16 сумын 20 гаруй бүтээгдэхүүнээр тэлжээ.


-Цаг хугацааны хувьд ямар үед хамгийн их борлуулалттай байдаг вэ? Мөн жилийн дундаж орлого хэр өссөн бэ?

-Төв аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын үеэр хамгийн их борлуулалт хийж байсан. Тухайн үед жуулчид, зочид төлөөлөгчдөд аймаг орон нутгаас нутгийн брэндийг бэлэглэж дурсгасан. Мөн иргэд аав, ээж, өвөө, эмээдээ очихдоо хүртэл авч байсан. Анх үүсэн байгуулагдсан үед огт орлогогүй өдрүүд олон байсан бол өнөөдөр үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хүсэлтэй худалдан авагчид нэмэгдсэн нь борлуулалтад эерэг нөлөө үзүүлж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд худалдан авалт тогтмол нэмэгдэж, сард 3-4 сая төгрөгийн орлого орж, жилд 40 гаруй сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулж байна.


-Аль сумаас илүү их бүтээгдэхүүн нийлүүлдэг вэ? Мөн хамгийн их борлуулалттай байдаг бүтээгдэхүүн нь?

-Хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн “Нутаг брэнд” байдаг. Энэ дотроо шимийн архи, шар тос, ааруул, зөгийн бал, лаазалсан каз, балт ногоо, цай гэх мэт бүтээгдэхүүнийг голчлон багтаасан байдаг. Алтанбулаг, Баянжаргалан, Баянчандмань, Жаргалант, Борнуур, Угтаалцайдам гэх мэт сумаас бүтээгдэхүүн их ирдэг. Эдгээр сумд бүтээгдэхүүнийг төрөл бүрээр нь стандартад нийцүүлж гаргах гэж зорьж ажилладаг.


-Бусад сумаас бүтээгдэхүүн ирдэггүй шалтгаан нөхцөлийг та юу гэж бодож байна?

-Аймгийн тал хээрийн сумдаас төдийлөн бүтээгдэхүүн ирдэггүй нь газар зүйн байршил хол байгаатай холбоотой. Мөн тал хээрийн сумдын үйлдвэрлэгчид сав баглаа боодлоо шийдэж чадахгүй, өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ худалдаанд гаргахад хүндрэлтэй байдаг.


-Сав баглаа боодол худалдан авалтад маш их нөлөө үзүүлдэг үү?

-Тийм ээ. Иргэд сүүлийн үед бүтээгдэхүүний шошгыг нарийвчлан харах болсон бөгөөд хаана үйлдвэрлэсэн, хадгалах хугацаа, хэрхэн хэрэглэх зэрэг бүх мэдээллийг шошгоноос хардаг болсон байна. Гэвч малчид өөрсдийн үйлдвэрлэсэн ааруул, ээзгий, шар тос, өрөм, хайлмаг, цагаан тос, бяслаг, аарц зэргийг гялгар уутанд, сүү, тараг, айраг, нэрмэл архи зэргийг хэн ч уусан байж болохуйц ундааны саванд ариутгаж хийж авчирдаг. Энэ нь стандартад нийцдэггүй, хаанаас, хэнээс ирсэн бүтээгдэхүүн вэ гэсэн эргэлзээг үүсгэж, худалдан авагчдын итгэлийг төрүүлэхгүй байгаа юм.



-Энэ дөрвөн жилийн хугацаанд олон хүндрэлтэй зүйл тулгарсан байх. Тэдгээрээс хамгийн их хүндрэл үүсгэж байгаа зүйл нь юу вэ?

-Иргэд бараа бүтээгдэхүүнээ өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэн сонгож, Нутгийн брэндийн савлагаагаар савлуулан авч явдаг. Гэвч нэг бараанаас олон ширхэг авах тохиолдолд нөөц хүрэлцэхгүй байх асуудал гардаг. Үйлдвэрлэл эрхлэгчид их хэмжээгээр үйлдвэрлэж чадахгүй тул нэг хүн 500 ширхэг бүтээгдэхүүн авахыг хүссэн ч хүрэлцэхгүй болдог. Учир нь бүтээгдэхүүнийг зөвхөн тухайн өдөр үйлдвэрлэж, худалдаанд гарсан хэмжээгээрээ л худалдан авдаг.


Нутаг брэндийг үүсгэн байгуулахад байрлаж байсан байрнаас эхлээд олон хүндрэлтэй тулгарч байсан. Хөлдүү байрыг засварлаж, тохижуулах ажил хийж байсан ч өнөөдрийг хүртэл “Төв аймагт үйлдвэрлэв” гэх өөрийн дэлгүүртэй болоогүй байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

Related news