Хоймор нутгийн хосууд хос морьдоор гангардаг болоод байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Намайг С.Пүрэвжав гэдэг. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2-р багийн малчин. Өвөг дээдсээс уламжлан ирсэн мал сүргээ өсгөн маллаж яваа удам дамжсан малчин хүний хувьд монгол өв соёлоо дээдлэн дэлгэрүүлэхийг хичээж явдаг.
Монголчууд эртнээс зүс ижил морьдоор гоёж нааддаг уламжлалтай байсан. Би 2023 онд 3 хос халзан морь худалдан авсан. Морьдоо цэвэр мөнгөн хазаар, эмээл, хударга, нанжин гахай гөлмөөр гоёж наадамд унадаг байлаа. Харин сүүлийн үед түүхт ойн наадмуудад уригдан оролцдог болоод байна. Тухайлбал, "Хөх сувд" мөсний баярт ирсэн гадна, дотнын жуулчид 3 хос морийг маань хамгийн их сонирхон зургаа авхуулж байлаа.
Мөн "Алтаргана" олон улсын наадам, Тосонцэнгэл, Төмөрбулаг сумын түүхт 100 жилийн ойн наадмуудад оролцож монгол өв соёл, уламжлалаа дээдлэн дэлгэрүүлж яваа “Сайхан хос морьд”-оор шалгарсан. Сүүлийн үед хоймор нутгийн маань малчид үлгэр дуурайлал авч, өв соёлоо дээдлэн гэр бүлээрээ хос морьдоор гангардаг болоод байна.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2-р багийн малчин С.Пүрэвжав