ХӨВСГӨЛ: “Маанар-2026” өвлийн наадмыг 300 гаруй аялагч зорин иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-01-20 15:29:24

Мөрөн, 2026 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Соёлын биет бус өвийг дотоод, гадаадын жуулчдад сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, цаатан иргэдийн ахуй соёлыг олон нийтэд таниулах зорилготой “Маанар-2026” соёлын наадам Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Баруун тайгын Хармайн нарийн өвөрт боллоо.


Энэ үеэр дархад, тува дууны наадам, нуруу шарын уралдаан, тайгын хоточ нохой шалгаруулах тэмцээн, хос зарь, хосын уралдаан, урц шалгаруулах уралдаан, цааны уралдаан зэрэг уламжлалт соёл, ахуйг сурталчилсан олон үйл ажиллагааг зохион байгууллаа.


Мөн орон нутгийн иргэдэд аялал жуулчлалаас орлого олох боломж бүрдүүлэхээр цаатан иргэдийн ахуй соёлыг таниулах цаатны отог байгуулсан нь онцлог байлаа.


Тухайлбал, урц, цаатан иргэдийн өдөр тутмын хэрэглээ, цааны сүү, ааруул зэрэг бүтээгдэхүүнийг аялагчид онцгой сонирхож байлаа.


“Маанар-2026” өвлийн наадмыг 5 улсын 37 жуулчин, дотоодын 300 гаруй иргэн зорин ирж үзэж сонирхсон байна.


Тус наадмыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, “Маанар” групп, Хөвсгөл аймгийн ЗДТГ, аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Цагааннуур сумын ЗДТГ болон Цагааннуур сумын Соёлын төв хамтран зохион байгууллаа.


"Маанар" гэдэг үг нь Монгол улсын нутаг дэвсгэрийн хойд хэсгээр нутагладаг дархад ястны нийтлэг нэр юм. Маанарууд бол ажилсаг, шооч ард түмэн билээ.

 




 

Related news