ХӨВСГӨЛ: "Жаргалантын гол" нэрээр албан ёсоор баталжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-01-19 15:35:11

Мөрөн, 2026 оны нэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/ Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас өвлийн аялал жуулчлалын бүс нутаг болсон Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутаг дахь голын нэрийг зөв дуудаж хэвшихийг уриаллаа.


Уг сумын нутагт оршдог голын нэрийг нутгийн иргэд болон аялагчид ихэвчлэн “Жарганат” эсвэл “Жаргант” гэж буруу нэрлэдэг байна.


Тус голын нэрийг “Жаргалант гол” гэж батлагдсан тул өнөөдрөөс эхлэн албан ёсны газар зүйн нэрээр нэрлэн хойч үедээ өвлүүлэн үлдээхийг зөвлөж байна.


Рэнчинлхүмбэ сумын төвөөс 5 км зайд оршдог Жаргалантын гол нь -50 градуст хөлддөггүй учраас нутгийн иргэд “амьд устай” гол гэж үздэг байна.


Жаргалантын голын харзанд өвлийн улиралд иргэд ихээр очдог бөгөөд гол дотор ургасан өвс, ургамал ногооноороо цэцэглэн ургадаг байна.


Мөн голын уснаас үүссэн уур, манан ойр орчмын мод, бутыг цантуулж, өвлийн улиралд үзэсгэлэнтэй болгодог тул гадаад, дотоодын аялагчид зорин очиж, зургаа авхуулдаг болсон байна. Голын ус маш гүнээс гардаг тул зуны улиралд их хүйтэн байдаг.


Жаргалантын гол нь Улаанбаатар хотоос 973 км, Мөрөн хотоос 245 км, Рэнчинлхүмбэ сумаас 5 км-ийн зайд оршдог.


 

Related news