ХӨВСГӨЛ: Эхийн дуугаар оргилдог “Оргихын булаг”

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-01-19 11:59:37

Мөрөн, 2026 оны нэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт гадаад, дотоодын аялагчдын зорин очих дуртай үзэсгэлэнт олон газар бий.


Өвлийн улиралд Жаргалантын гол, Оргихын булаг зэрэг газрыг олон аялагч зорин очдог болжээ.


Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвөөс зүүн тийш 18 км-т оршдог “Оргихын булаг” буюу Ижий булаг нь үзэсгэлэнт байгальтай, аялагчдын очих дуртай газар юм.


Оргихын булгийн ус нь зуны улиралд маш хүйтэн байдаг бол өвлийн улиралд -50 градуст ч хөлддөггүйгээрээ онцлогтой.


Энэ булаг нь тахилгат Баян уулын баруун дээд талд, Нарийн уулын өвөр хормойгоос эх авч, ойролцоогоор 800 метрийн турш урсаж Багтагын голд цутгадаг.


Булгийн эргэн тойронд мөнх ногоон гацуур, хуш, шинэс зэрэг олон төрлийн мод, бут сөөг ургадаг тул үзэсгэлэнтэй байгальтай, иргэд зорин очиж зургаа авхуулдаг газар болжээ.


Оргихын булгийн дэргэд эхийн тухай дуу дуулбал ус дээш урсан оргилдог онцлогтой тул нутгийн иргэд “Ижий булаг” гэж нэрлэдэг болжээ.


Оргихын булгийг зорихоор бол Улаан-Уул сумаас 18 км, Мөрөн хотоос 198 км, Улаанбаатар хотоос 1000 орчим км зайтай байдаг.


Related news