Хөвсгөл нуурын цагаан хилд цөмөрсөн авто машиныг татан гаргажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас иргэдийг Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр авто машинтай зорчихгүй байхыг анхааруулж байна.
Өчигдөр Хатгал тосгоны Мэргэний үзүүр гэх газарт Хатгал тосгоноос Хүслийн хадны чиглэлд мөсөн дээгүүр зорчиж явсан “Харриер” загварын авто машин цагаан хилэнд цөмөрсөн тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ. Тухайн авто машинд зорчиж явсан гурван иргэн эсэн мэнд гарсан байна.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн долоон алба хаагч, Хатгал тосгоны цагдаагийн тасгийн хоёр алба хаагч, нийт есөн алба хаагч ажиллаж, цагаан хил рүү орж тэнхлэгээрээ тээсэн авто машиныг татан гаргаж, эзэмшигчид нь хүлээлгэн өгчээ.
Мөн Хүслийн хад, Мэргэний үзүүр орчимд цагаан хил үүссэн тул хориглох тэмдэг байршуулсан байна.
Хүслийн хад, Ханх, Ренчинлхүмбэ, Цагааннуур, Чандмань-Өндөр сумын чиглэлд мөсөн замаар зорчих боломжгүй бөгөөд гол, мөрөн, нуурын мөс нь авто тээвэр хийх хэмжээнд хараахан бэхжээгүй байна. Иймд мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг чандлан дагахыг иргэдэд анхаарууллаа.
