ХӨВСГӨЛ: Урд бүсийн сумдын эрчим хүчний эх үүсвэрийг өргөтгөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-01-06 17:12:57

Мөрөн, 2026 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр Шинэ-Идэр суманд ажиллаж, нутгийн иргэдтэй уулзлаа.


Энэ үеэр Жаргалант, Галт, Шинэ-Идэр урд бүсийн сумын нутгийг цахилгаанаар хангадаг 10 кВт-ын хүчин чадалтай эх үүсвэр Жаргалант суманд байдаг ч одоогийн хэрэглээг бүрэн хангаж чадахгүй, байнга доголдол үүсдэг учраас хүчин чадлыг нэмэгдүүлэх, дэд станц байгуулах саналыг нутгийн иргэд дэвшүүллээ.


Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрчим хүчний яамнаас тухайн бүс нутаг дахь эрчим хүчний эх үүсвэрийг 35 кВт болгон өргөтгөх эсвэл сэргээгдэх эрчим хүчний станц байгуулах хоёр хувилбарын аль нь эдийн засгийн хувьд илүү үр ашигтай болох талаар судалгааны ажлыг эхлүүлсэн байна. Судалгааны ажлыг эрчимжүүлж, энэ онд багтаан энэхүү асуудлыг шийдвэрлэнэ” гэж хэлэв.


Эрчим хүчний эх үүсвэрийг өргөтгөснөөр урд бүсийн сумдын цахилгаан хангамж тогтвортой болж, доголдол, тасалдал үүсэх эрсдэл арилах ач холбогдолтой юм.

 


Related news