Цагаачидтай холбоотой Трампын шийдвэрийг хүчингүй болгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /Кazinform/. Хондурас, Балба, Никарагуа улсаас ирсэн 60 мянга орчим цагаачийн “түр хамгаалагдах статус”-ыг цуцлах тухай Трампын засаг захиргааны шийдвэрийг Калифорни муж улс дахь Холбооны шүүх хүчингүй болгосон тухай CBS News суваг мэдээлжээ.
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын сайд Кристи Ноэм зургаа, долоодугаар сард Хондурас, Балба, Никарагуа улсын иргэдэд дүрвэгсдийн статусыг түр олгох хөтөлбөрүүдийг зогсоосныг зарлажээ. Тэрбээр шийдвэрээ тайлбарлахдаа, эдгээр гурван улс нь байгалийн гамшгуудын үр дагаврыг даван туулсан гэж мэдэгдсэн байна.
Мөн Трампын засаг захиргаа TPS хөтөлбөрүүдийг зогсоохоор идэвхийлэн оролдож "уг бодлого нь хууль бус цагаачлалыг өөгшүүлдэг, Ардчилсан намынхан засгийн эрхэнд байх хугацаандаа уг хөтөлбөрийг урвуулан ашигласан, хэтэрхий урт хугацаагаар сунгасан" гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн АНУ-ын эрх баригчид Афганистан, Камерун, Этиоп, Хаити, Мьянмар, Судан, Сири, Венесуэл зэрэг улсаас ирсэн хэдэн зуун мянган цагаачийг TPS-ийн хамгаалалтаас хасах шийдвэрийг гаргасан байна.
Шүүхийн дээрх шийдвэр нь дурдсан гурван улсаас ирсэн грин-карт эзэмшигчдэд АНУ-д хууль ёсоор ажиллах боломжийг олгож, мөн тэднийг баривчлах, албадан гаргахаас сэргийлэх ёстой гэж Калифорнийн их сургуулийн Лос-Анжелес дахь Цагаачлалын эрх зүй, бодлогын төвийг хамтран даргалагч Ахилан Аруланантам мэдэгджээ.
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны дэд сайд Триша Маклафлин мэдэгдэхдээ, шүүгчийн энэхүү шийдвэр нь “Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийг булаан авахыг оролдсоор буй холбооны шүүхийн тогтолцооны бас нэгэн хууль бус шийдвэр” хэмээн тодорхойлжээ.