Нью-Йоркийн шинэ дарга тангараг өргөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2026-01-02 10:08:43

НЬЮ-ЙОРК, 2026 оны нэгдүгээр сарын 2 /DW/. Ардчилсан намын гишүүн, 34 настай Зохран Мамдани өчигдөр буюу шинэ оны эхний өдөр Нью-Йорк хотын даргын албан тушаалдаа орлоо. Мусульман шашинт тэрбээр Коран судар дээр гараа тавин тангараг өргөсөн байна.


Тангараг өргөх ёслол шинэ он эхлэх мөчид Манхэттен дүүрэг дэх City Hall метроны өртөөнд /1945 онд хаагдсан/ болж, Мамданигийн эхнэр Рама Дуважи оролцжээ. Мөн Нью-Йорк муж улсын Ерөнхий прокурор Летиция Жеймс тангаргийг хүлээн авсан байна. Мамданигийн бие төлөөлөгчийн ярьснаар, метроны станцыг сонгосон нь жирийн хөдөлмөрчидтэй холбоотой байдаг гэдгээ харуулах гэсэн хотын шинэ даргын эрмэлзэлтэй холбоотой ажээ.  


Тангараг өргөх ёслолын төгсгөлийн хэсэг нь үдээс хойш Нью-Йорк хотын захиргааны байранд болсон байна. Вермонт муж улсаас Сенатад сонгогдсон улстөрч Берни Сандерс ёслолд оролцож үг хэлэхдээ, дэндүү их үзэн ядалт, хагарал бутрал, шударга бус байдал америкчуудыг нэрвэж буй энэ үед Мамданиг сонгосон Нью-Йоркийн иргэдэд талархлаа илэрхийллээ.


Нью-Йоркийн дарга нар ямар нэгэн шашны номон дээр гараа тавьж тангараг өргөх ёстой гэсэн заалт хуулинд байхгүй юм. Гэхдээ өмнөх дарга нарын ихэнх нь Библи судраар тангараг өргөж байжээ. Харин Мамданигийн хувьд, Нью-Йоркийн дарга нараас анх удаагаа Коран судар дээр гараа тавьж тангараг өргөлөө. Ингэхдээ тэрбээр уг судрын гурван хувилбарыг ашигласан байна. Эхнийх нь XVIII-XIX зууны үед хэвлэгдсэн, түүний өвөг эцгийн хэрэглэж байсан халаасны Коран, Нью-Йоркийн Нийтийн номын сангаас илгээсэн Коран, мөн өвөг эцэг, эмэг эх нарынх нь гэр бүлийн Коран судар юм.


Нью-Йорк хотын даргыг сонгох сонгууль өнгөрсөн оны 11 дүгээр сарын 4-нд болж, Ардчилсан нам болон “Ажил эрхлэгч гэр бүлүүдийн нам”-аас нэр дэвшсэн З.Мамдани 50,3 хувийн санал авч ялсан юм. Тэрбээр орон сууцны түрээсийн төлбөрийг царцаах, хотын автобусаар үнэгүй зорчих, сургуулийн өмнөх боловсролыг бүх хүүхдэд олгох, хотын захиргааны мэдлийн хүнсний дэлгүүрүүдийг нээн ажиллуулах зэрэг саналуудыг дэвшүүлсэн байна.


Эдгээр төслийг санхүүжүүлэхийн тулд баячууд ба компаниудад ногдуулах татварыг нэмэгдүүлэх ажээ.

Related news