ХӨВСГӨЛ: Оны онцлох хүүхэд бүрийг сая төгрөгөөр урамшуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Аймаг, үндэсний болон олон улс, тив, дэлхийн түвшинд мэдлэг, авьяас, ур чадвар, хичээл зүтгэлээрээ амжилт гарган манлайлсан хүүхдүүдийн ололт амжилтыг олон нийтэд таниулан алдаршуулах, тэдний хөгжих эрхийг дээдлэн хүндэтгэх, нийгэмд зөв үлгэр дуурайлал түгээх зорилгоор “Оны онцлох 9 хүүхэд”-ийг шалгаруулж, шагнаж урамшууллаа.
“Оны онцлох хүүхэд” шалгаруулах арга хэмжээг үндэсний хэмжээнд 1991 оноос, Хөвсгөл аймгийн хэмжээнд 1993 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд 32 жилийн хугацаанд 280 орчим хүүхэд энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болжээ.
Аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний зүгээс 2019 оноос эхлэн шалгарсан хүүхэд бүрд 1 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгож ирсэн нь хүүхэд, багачуудын хөгжил, манлайллыг бодитоор дэмжиж ирсэн юм.
Энэ онд тус шагналын 9 төрөлд нийт 60 гаруй хүүхэд материалаа ирүүлснээс 8 хүүхэд, 1 баг хамт олон оны онцлох эрхэм шагналын эзнээр тодорлоо.
Үүнд: Техник сэтгэлгээ, шинэ санал санаачилга, бүтээлч байдал төрөлд Эрдмийн далай сургуулийн 12в ангийн сурагч Б.Эрдэнэчулуун
Сурлагын амжилт төрөлд Дэлгэрмөрөн сургуулийн 12г ангийн сурагч Д.Дөлгөөнтэнгис
Урлаг, уран бүтээл төрөлд Гурван-Эрдэнэ ЕБС-ийн 12г ангийн сурагч И.Азжаргал
Биеийн тамир, спорт төрөлд Титэм ЕБС-ийн 12в ангийн сурагч О.Цэнгэлбаяр
Эх орны түүх, соёл, өв уламжлал төрөлд Шинэ-Идэр ЕБС-ийн 7б ангийн сурагч Л.Аззаяа
Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин төрөлд Эрдмийн далай сургуулийн 12а анги Э.Лхагвашагай
Хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллага төрөлд Ирээдүй сургуулийн
10а ангийн сурагч Б.Баярмаа
Оюун ухааны төрөлд; Эрдмийн далай ЕБС-ийн 3а ангийн сурагч Н.Аз-Эрдэнэ
Багийн амжилт төрөлд Гурван-Эрдэнэ сургуулийн “TR dance” бүжгийн хамтлаг
тус тус шалгарч өнөөдөр шагналаа гардан авлаа.

