УЛААНБААТАР, 2025 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Энэ долоо хоногт Камбож, Тайландын хилийн мөргөлдөөнийг зохицуулах хэлэлцээ эхэлсэн бол В.Зеленский дайныг зогсооход чиглэсэн 20 заалт бүхий төлөвлөгөөг танилцуулав. Түүнчлэн цахим үйлчилгээний талаарх Европын Холбооны удирдамжийг боловсруулахад оролцсон хэмээн Европын орнуудын таван иргэний АНУ-д зорчих эрхийг хязгаарлажээ. Мөн Израил улс Сомалиас салан тусгаарласан Сомалиландыг тусгаар улсаар хүлээн зөвшөөрсөн байна. Ингээд өнгөрч буй долоо хоногт дэлхий дахинд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Төв Ази-Японы анхны дээд хэмжээний уулзалт боллоо
Төв Ази-Японы анхны дээд хэмжээний уулзалт Токио хотод амжилттай болж өндөрлөв. Төр, засгийн тэргүүн нарын түвшинд хоёр өдөр үргэлжилсэн энэхүү уулзалтаар “Токиогийн тунхаглал”-ыг баталлаа. Уг тунхаглалд байгаль орчинд ээлтэй ба тогтвортой байдал, харилцаа холбоо, хүний нөөцийн хөгжил гэсэн хамтын ажиллагааны гурван тэргүүлэх чиглэлийг тодорхойлжээ.
Япон улс сүүлийн 30 гаруй жил Төв Азийн бүс нутагт “зөөлөн хүчний” бодлого хэрэгжүүлж ирсэн юм. Харин дээд түвшний уулзалтыг зохион байгуулсан нь стратегийн чиглэл өөрчлөгдсөнийг харууллаа. Японы эрх баригчид Төв Азид оролцоогоо нэмэгдүүлж, илүү цогц хамтын ажиллагаанд шилжихийг зорьж байна гэж ажиглагчид дүгнэв.
В.Зеленский 20 заалт бүхий төлөвлөгөөг танилцуулав
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Киев, Москва, Вашингтоны хэлэлцэж буй 20 заалт бүхий энхийн төлөвлөгөөг танилцууллаа. Тэрбээр уг төлөвлөгөөг “дайныг дуусгах үндсэн баримт бичиг” гэж мэдэгдээд энхийн төлөвлөгөөний ихэнх заалтыг тохиролцсон боловч Донбассын бүс нутаг, Запорожийн цөмийн цахилгаан станцын статус маргаантай хэвээр байгааг дурджээ. Уг төлөвлөгөөнд заасны дагуу холбоотнууд Украинд аюулгүй байдлын бат бөх баталгааг гаргаж өгнө. Мөн Украины Зэвсэгт хүчин энхийн цагт 800 мянган албан хаагчтай хэвээр байна гэж тусгажээ. Түүнчлэн Украиныг Европын Холбоонд элсүүлэх, төлөвлөгөөг дагаж мөрдөж байгаа эсэхийг хянах зорилгоор Дональд Трампаар даргалуулсан Энхийн зөвлөл байгуулах тухай заалтууд багтсан байна.
Европын комиссар асныг АНУ-д нэвтрэхийг хориглов
АНУ-ын Төрийн департамент Европын Холбооны гишүүн орнуудын таван иргэнд визний хязгаарлалт тогтоолоо. Тэдний дотор Европын комиссар асан Тьерри Бретон болон худал мэдээлэл, үзэн ядсан агуулга бүхий контенттой тэмцэх чиглэлээр ажилладаг байгууллагуудын удирдагчид байна. АНУ-ын эрх баригчид тэднийг технологийн компаниудад дарамт шахалт үзүүлсэн, “америкчуудын үг хэлэх эрх чөлөөг цензүүрдсэн” гэж буруутгажээ. АНУ, Европын Холбооны хооронд дижитал платформуудыг зохицуулах Digital Services Act буюу Цахим үйлчилгээний тухай хуультай холбоотой маргаан хурцдаж буй үед энэхүү шийдвэр гарлаа. Уг хуулийг Европт хэрэглэгчдийг хамгаалах механизм гэж үзэж байгаа бол АНУ-д үүнийг үг хэлэх эрх чөлөө, Америкийн технологийн бизнесийн ашиг сонирхолд аюул учруулж байна гэж үзэж байна. Европын Комисс, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, мөн Герман, Испанийн эрх баригчид визний хоригийг Европын дижитал тусгаар тогтнолыг боомилсон шахалт гэж мэдэгдэв.
Зул сарын баярын өдөр "Лалын улс" бүлэглэлийн террористуудад цохилт өгөв
АНУ-ын зэвсэгт хүчин Нигерийн баруун хойд хэсэгт “Лалын улс” бүлэглэлийн террористуудад “хүчтэй, үхлийн цохилт” өгсөн гэж Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Трамп Нигерид христ шашинтнууд руу халдахгүй байхыг анхааруулснаас хэдхэн долоо хоногийн дараа цохилтыг өгсөн байна. Нигерийн Гадаад хэргийн яам агаарын цохилтууд өгснийг баталж, улс доторх террорист бүлэглэлийн байг оновчтой цохисон ажиллагаа хэмээн мэдэгдэв.
АНУ-ын Зэвсэгт хүчний Африк дахь командлалоос мэдэгдэхдээ, Нигерийн эрх баригчдын хүсэлтээр Сокото мужид явуулсан уг ажиллагааны үеэр "Лалын улс" бүлэглэлийн олон террорист амиа алдсан гэжээ.
Зүүн Өмнөд Ази дахь хилийн сунжирсан маргааныг зогсоох оролдлого үргэлжилсээр
Тайланд, Камбожийн цэргийнхэн 12 дугаар сарын 27-ноос эхлэн 72 цагийн хугацаанд гал зогсоохоор тохиролцжээ. Ингэснээр талууд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зуучлалаар 10 дугаар сард байгуулсан эвлэрлийн гэрээг дахин дагаж мөрдөх эхний алхмыг хийлээ.
Камбож, Тайландын хил дээр зэвсэгт мөргөлдөөн 12 дугаар сарын 7-нд эхэлжээ. Хэд хоногийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп талууд байлдааны ажиллагаагаа зогсоож, 10 дугаар сард байгуулсан гэрээг дагаж мөрдөхөөр тохиролцсон гэж мэдэгдсэн боловч зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байв.
Израил улс Сомалилендыг тусгаар улсаар хүлээн зөвшөөрөв
Израил улс Сомалиас салан тусгаарласан Сомалиландыг “бие даасан, тусгаар тогтносон” улс гэж хүлээн зөвшөөрсөн дэлхийн анхны улс боллоо. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Гадаад хэргийн сайд Гидеон Саар, Сомалиландын Ерөнхийлөгч Абдирахман Мохамед Абдуллахи нар тусгаар улсаар хүлээн зөвшөөрсөн мэдэгдэлд гарын үсэг зуржээ. Турк, Египет, Сомали, Жибути улсууд Израилын энэ алхмыг буруушаалаа.
Өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Сомалиланд Улс нь Сомалийн дарангуйлагч Сиад Баррегийн дэглэмийг эсэргүүцсэн дайны үеэр 1991 онд үүсжээ. Энд ойролцоогоор зургаан сая хүн амьдардаг бөгөөд Адены булангийн эрэгт стратегийн байрлалтай, өөрийн гэсэн цагдаагийн байгууллага, валют, паспорттой байна.
Израил сүүлийн жилүүдэд Африк, Ойрх Дорнодын орнуудтай харилцаагаа хэвийн болгохыг оролдож байгаа хэдий ч Газын зурвас болон Ираны эсрэг хийж буй дайн нь саад учруулжээ.
АНУ-ын хөрөнгийн зах зээл Зул сарын баярын өмнөх өдөр шинэ дээд амжилт тогтоолоо
Оны зааг дээр Америкийн хувьцаануудын ханш уламжлал ёсоор өсдөг үе болох “Санта-Клаусын ралли” эхэллээ. Хөрөнгө оруулагчид АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг, мөн Холбооны нөөцийн сан (Төв банк) бодлогын хүүг цаашид бууруулах эсэхийг анхааралтай ажиглаж байна.
АНУ-ын хөрөнгийн зах зээлийн гол индекс болох S&P 500 12 дугаар сарын 24-ний арилжааны үеэр 0.3 хувиар өсөж, 6932.05 нэгжид хүрсэн нь шинэ дээд үзүүлэлт боллоо. Уг индекс 11 дүгээр сараас хойших хамгийн олон өдөр буюу таван өдөр дараалан өсжээ.
Алт, мөнгөний үнэ шинэ дээд үзүүлэлтэд хүрэв
Эдийн засгийн тодорхойгүй байдал, ам.долларт итгэх итгэл буурсны нөлөөгөөр мөнгө, алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Арилжааны мэдээллээр, мөнгөний үнэ анх удаа нэг унц нь 75 ам.доллароос давсан бол алтны үнэ мөн өсөж, нэг унц нь 4531 ам.долларт хүрсэн нь шинэ дээд үзүүлэлт болжээ. Оны эхнээс алтны үнэ 70 орчим хувиар, мөнгөний үнэ 150 гаруй хувиар өсжээ. Зах зээл дээр ийм огцом өсөлт 1970-аад оны сүүл үеэс хойш ажиглагдаагүй байна.
Ирэх долоо хоногт болох үйл явдлууд
- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар 12 дугаар сарын 28-ны ням гарагт Флорида муж улсад уулзана.
- Косовогийн парламентын сонгууль 12 дугаар сарын 28-нд болно.
- Мьянмарт парламентын сонгуулийн эхний шатны санал хураалт 12 дугаар сарын 28-нд явагдана.
- Блиц тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 12 дугаар сарын 29-30-нд Доха хотод болно.
- Олон улсын цанын холбооны ивээл дор зохион байгуулагддаг Тур де Ски олон өдрийн цанын уралдаан эхэлнэ.
- Мароккод болж буй Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээн үргэлжилнэ.
- 12 дугаар сарын 31-нд он солигдоно.
- Нэгдүгээр сарын 1-нээс Болгар улс еврогийн бүсэд нэгдэнэ.
- Квадрантид солирын урсгал ажиглагдана.