Хөрөнгө оруулалт бонд, технологи, хиймэл оюунтай холбоотой хувьцаанууд руу дахин чиглэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
batbold.sh@montsame.gov.mn
2026-04-13 15:46:36
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг “Эм Ай Си Си ҮЦК” ХХК (MICC Mongolia International Capital Corporation)-тай хамтран уншигчдадаа долоо хоног тутмын олон улсын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээллийг хүргэж байна. Энэхүү мэдээлэл долоо хоног бүрийн эхэнд уншигчдад хүрч байх юм.


Долоо хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээ

(2026.04.06-2026.04.12)


ГЕОПОЛИТИКИЙН ХУРЦАДМАЛ БАЙДАЛ НАМЖИЖ, ЗАХ ЗЭЭЛҮҮД АМСХИЙВ

Ойрх Дорнод дахь зэвсэгт мөргөлдөөн эцсийн мөчид түр гал зогсоох тохиролцоонд хүрснээр олон улсын санхүүгийн зах зээлүүдэд тодорхой хэмжээний тайвшрал ажиглагдлаа. Ормузын хоолой дахин нээгдсэн нь эрчим хүчний нийлүүлэлтийн эрсдлийг богино хугацаанд намжааж, газрын тос болон байгалийн хийн зах зээл дээрх үнийн дарамтыг огцом сулруулав. Талууд хоёр долоо хоногийн хугацаатай гал зогсоох тохиролцоонд хүрснээр мөргөлдөөн цаашид даамжрах эрсдэл түр хугацаанд буурч, зах зээлүүд “хамгийн муу хувилбар”-аас зайлсхийж чадлаа. Энэхүү тохиролцоо нь урт хугацааны энхийн хэлэлцээр байгуулах орон зайг нээж өгч байгаа ч шинжээчдийн зүгээс суурь зөрчил бүрэн арилаагүй, тодорхой бус байдал хэвээр байгааг анхааруулж байна.


Зах зээлийн шууд хариу үйлдэл эрчим хүчний салбарт илэрч, брент төрлийн газрын тосны үнэ нэг өдрийн дотор 16 хүртэл хувиар буурч, баррель нь 95 ам.долларын орчимд хүрлээ. Мөн Европын байгалийн хийн фьючерсийн ханш 20 хувиас дээш унаж, сүүлийн хоёр жилийн хамгийн огцом уналтыг үзүүлэв. Эрчим хүчний үнийн энэхүү огцом засвар нь инфляцын дарамт түр хугацаанд сулрах хүлээлтийг зах зээлд бий болгосон байна. Эрсдэлийн уур амьсгал намжихын хэрээр хөрөнгө оруулагчид аюулгүй хөрөнгөөс гарч, бонд, технологи болон хиймэл оюун ухаантай холбоотой хувьцаанууд руу дахин чиглэж эхэллээ. Үүний зэрэгцээ ам.долларын ханш суларч, Ази, Номхон далайн бүсийн хөрөнгийн индексүүд III сарын эхэн үеийн түвшиндээ дөхөж очсон бол Биткойн гурван долоо хоногийн дээд түвшинд хүрч өсөв.


Нийт дүнгээр авч үзвэл, өнгөрсөн долоо хоногт зах зээлүүд геополитикийн хурц эрсдэлээс түр хугацаанд ангижирч, эрсдэлд дурлах хандлага сэргэх дохио өглөө. Гэсэн ч гал зогсоох тохиролцоо богино хугацааны шинжтэй хэвээр байгаа тул геополитикийн тодорхойгүй байдал зах зээлийн гол эрсдэл хэвээр үлдэж байна.


SAMSUNG ELECTRONICS: AI ЧИПИЙН ЭРЭЛТ АШГИЙГ ОГЦОМ ӨСГӨВ

Samsung Electronics (005930.KS) 2026 оны I улиралд зах зээлийн хүлээлтийг үлэмж давсан гүйцэтгэл үзүүлж, үйл ажиллагааны ашиг өмнөх оны мөн үеэс 755 хувиар өсөж 57.2 их наяд вонд хүрлээ. Үүнийг хиймэл оюуны зориулалттай чипийн эрэлт огцом нэмэгдсэн явдал голлон дэмжсэн бөгөөд борлуулалтын орлого 68 хувиар өсөж 133 их наяд вон болсон байна. Тус улирлын ашиг нь 2025 оны бүтэн жилийн ашгийг давсан нь зах зээлийн анхаарлыг татсан гол үзүүлэлт болов.


AI-д суурилсан өндөр хурдны санах ойн чипийн захиалга үүлэн тооцооллын үйлчилгээ үзүүлэгчид болон дата төвүүдээс эрчимтэй өссөнөөр чипийн бизнесийн ашиг ухаалаг гар утасны сегментийг давсан байна. Ойрх Дорнод дахь геополитикийн тодорхойгүй байдал хадгалагдаж байсан ч AI чипийн эрэлт тогтвортой байсныг шинжээчид онцолжээ. Эерэг тайлангийн дараа Samsung ийн нэгж хувьцааны үнэ 196,500 вон дээр 1.8%-иар өсөж хаагдсан бол өдрийн доторх арилжаагаар өсөлт 5 хувьд хүрсэн байна.


Үүний зэрэгцээ зах зээлийг доргиосон өөр нэг үйл явдал болж, компанийн үүсгэн байгуулагчийн гэр бүлийн гишүүн 15 сая ширхэг хувьцааг 3.1 их наяд вонтой тэнцэх дүнгээр зах зээлд зарсан нь БНСУ ын хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн томоохон хэлцлүүдийн нэгээр бүртгэгдлээ. Уг хэлцлийг өв залгамжлалын татвар болон санхүүгийн үүрэг гүйцэтгэх зорилгоор хийсэн бөгөөд олон улсын томоохон хөрөнгө оруулалтын банкнууд андеррайтераар хамтран ажилласан нь зах зээлийн итгэл харьцангуй тогтвортой байгааг илтгэж байна.


Дэлхийн хөрөнгийн зах зээлийн тойм

Долоо хоногийн дүнгээр дэлхийн хөрөнгийн зах зээлүүдэд эерэг сэргэлт давамгайлж, ихэнх бүс нутагт индексүүд өсөлттэй хаагдлаа. АНУ болон Европын зах зээлд өсөлт харьцангуй хүчтэй байсан бол Азийн зах зээлд нийтлэгдээ эерэг ч улс, салбарын түвшинд гүйцэтгэлийн ялгаа ажиглагдсан нь хөрөнгө оруулагчдын стратеги бүс нутаг бүрд өөр хэвээр байгааг харуулж байна.


АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

S&P 500: +3.48%

Dow Jones: +3.11%

Nasdaq: +4.03%


АНУ-ын зах зээл долоо хоногийн турш эерэг гүйцэтгэл үзүүлж, гол индексүүд өсөлттэй хаагдаж, хөрөнгө оруулагчдын эрсдэлд дурлах хандлага сэргэснийг илтгэлээ. Зах зээлийн гол индексүүд бүгд эерэг өгөөж үзүүлснээр зах зээлийн таатай хүлээлт давамгайлсан байна. S&P 500 +3.48%, Nasdaq +4.03%, Dow Jones +3.11%-иар тус тус өссөн байна. Зах зээлийн энэхүү эерэг гүйцэтгэл нь макро эдийн засгийн тодорхой бус байдал намжих хүлээлт, мөн компанийн ашигт ажиллагаатай холбоотой төсөөлөл тогтворжиж буйтай холбоотой байж болохоор байна. Ялангуяа Nasdaq-ийн илүү өндөр өсөлт нь өсөлтийн болон технологийн хувьцаануудын сэргэлт давамгай байсныг харуулж байна.


ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

FTSE 100: +1.57%

STOXX Europe 600: +2.81%

DAX 40 (Герман): +2.68%

CAC 40 (Франц): +3.27%


Европын зах зээлүүд өргөн хүрээний өсөлттэй байж, бүс нутгийн бүх гол индексүүд хүчтэй гүйцэтгэл үзүүллээ. DAX 40 +2.68 хувь, STOXX Europe 600 +2.81%, CAC 40 +3.27%, FTSE 100 +1.57 хувиар өссөн байна. Европын зах зээлийн энэхүү өсөлт нь гадаад зах зээлийн эерэг хандлага, мөн бүс нутгийн эдийн засгийн төлөвийн талаарх хүлээлт тогтворжсон нь зах зээлийн өсөлтийг дэмжив. Ялангуяа өргөн хүрээг хамарсан STOXX Europe 600 индексийн хүчтэй өсөлт нь зах зээлийн ерөнхий сэтгэл зүй сайжирсныг илтгэж байна.


АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Nikkei 225: +6.99%

KOSPI: +8.03%

CSI 300: +4.29%

SSEC: +2.63%


Өнгөрсөн долоо хоногт Азийн хөрөнгийн зах зээл хүчтэй өсөлттэй гүйцэтгэл үзүүлж, бүс нутаг даяар хөрөнгө оруулагчдын эрсдэлд дурлах хандлага эрчимжив. Гол индексүүд бүгд өсөлт үзүүлсэн нь гадаад орчны эерэг нөлөө болон бүс нутгийн эдийн засгийн хүлээлт сайжирсныг харууллаа. Nikkei 225 (Япон) индекс +6.99 хувиар огцом өсөж, экспортод чиглэсэн болон технологийн салбарын хувьцаанууд гүйцэтгэлийг тэргүүлэв. KOSPI (БНСУ) индекс +8.03 хувийн өсөлтөөр бүс нутагтаа хамгийн өндөр гүйцэтгэл үзүүлж, хагас дамжуулагч болон өндөр технологийн компаниудын хувьцааны эрэлт нэмэгджээ. CSI 300 (БНХАУ) индекс +4.29 хувь, SSEC +2.63 хувиар өссөн нь бодлогын дэмжлэг болон дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх нэмэгдсэнийг илтгэв. Азийн зах зээлийн энэхүү өсөлт нь АНУ, Европын зах зээл дэх эерэг хандлага болон бүс нутгийн эдийн засгийн төлөвт итгэх итгэл сайжирсантай уялдаж, ялангуяа Япон, Солонгосын зах зээлд ажиглагдсан гүйцэтгэл нь дэлхийн технологийн салбарын мөчлөг сэргэж буй дохио боллоо.


Related news