ӨВӨРХАНГАЙ: УИХ-ын даргын ивээл дор шатрын тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-12-22 10:19:13

Арвайхээр, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан УИХ-ын даргын ивээл дор аймгийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн хагас шигшээ шатны тэмцээн энэ амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө.

Тэмцээний эхний шатанд 244 шатар сонирхогч оролцсон бөгөөд тэндээс шалгарсан 32 тамирчин аймагт өрсөлдөж, эрэгтэйчүүдээс Арвайхээр сумын шатарчин Г.Дамба, эмэгтэйчүүдээс Бат-Өлзий сумын шатарчин Л.Ариун-Ундраа нар тэргүүллээ. Тэд төрийн ордонд зохиогдох улсын аварга шалгаруулах тэмцээний эрхийг авч байна.


“Уг тэмцээнд өндөр чансаатай тамирчид оролцдог. Улсын аваргын эхний гурван байрыг эзлэсэн тохиолдолд спортын дэд мастер цол хүртдэг. Монгол улсын төрийн ордонд болдог цор ганц тэмцээн бол энэ юм” хэмээн аймгийн Шатрын холбооны нарийн бичгийн дарга Д.Баатарчулуун ярив.

Шатрын хагас шигшээ шатны тэмцээнийг аймгийн ИТХ, Шатрын холбооноос хамтран зохион байгууллаа. 

Related news