ӨВӨРХАНГАЙ: “Болор-4” бүжгийн хамтлаг Монгол Улсын “Оны онцлох баг”-аар шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-12-19 12:16:25

Арвайхээр, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн “Болор-4” бүжгийн хамтлаг Монгол Улсын “Оны онцлох баг”-аар шалгарлаа.


Тус хамтлаг МУСТА, БТА Г.Энхсайханы удирдлага дор 20 хүүхдийн бүрэлдэхүүнтэйгээр ардын, цэнгээнт, орчин үеийн бүжгийн төрлөөр хичээллэдэг.


Энэ жилийн амжилтаас дурдвал, олон улсын хүүхдийн “Алтан гадас-2025” урлагийн их наадамд гран-при, ОХУ -ын Эрхүү хотноо зохион байгуулсан “Агуу их цайны зам-2025” олон улсын тэмцээнд цомын эзэн, аймгийн Хөгжимт драмын түүхт 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Арвайн дэг-2025” аймгийн аварга шалгаруулах уралдааны хамтлаг бүжгийн төрөлд гран-при шагналыг хүртжээ.


Оны онцлох хүүхэд шалгаруулах номинацын биеийн тамир, спортын төрөлд Арвайхээр сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн тусгай хэрэгцээт бүлгийн 12-р ангийн сурагч Б.Буянтогтох шалгарлаа. Тэрбээр Польш улсад болсон дэлхийн цомын төлөөх тэмцээнд волейболоор дөрөвдүгээр байр, Монголын хүүхдийн спортын 8 дугаар наадмын өвлийн спортын төрөлд цасны гуталтай гүйлтээр тэргүүн байр, Бочигийн 7 дугаар тэмцээнд гутгаар байр эзэлсэн юм.


Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, ГБХНХЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ХГБХХГ-аас хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох, тэдний гаргасан амжилт, ололтыг алдаршуулах, нийгэмдээ үлгэр дуурайлал болгох зорилгоор “Оны онцлох хүүхэд”-ийг шалгаруулах ёслолыг 33 дахь жилдээ зохион байгууллаа. 

Related news