БАЯНХОНГОР: Иргэдэд 50 мянган төгрөг хүртэлх үнийн дүнд шатахууныг жигд олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-12-19 15:16:29

Баянхонгор, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Шатахууны хомсдол, орон нутгийн нөөц, иргэдэд ижил тэнцвэртэй олгох зохицуулалт хэрхэн хийж буй талаар тодруулахаар аймгийн Засаг дарга Э.Энхбат Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж буй ШТС-ын зарим эрхлэгчидтэй уулзлаа.


ШТС-ын төлөөлөл хэлэхдээ, Шатахуун татан авах, нөөц бүрдүүлэлт өдөр өдрөөр харилцан адилгүй байгаа ч ирж байгаа шатахууныг иргэдэд 50 мянган төгрөг хүртэлх үнийн дүнд жигд олгож байгаагаа хэлэв.


Иргэд өдөр бүр бага багаар нэмж авто машины банкаа дүүргэх гэж дараалал үүсгэх, хот хоорондын замын унаа болон гачигдал гарсан зайлшгүй тохиолдлуудтай барьцах, түгээгч нартай үл ойлголцол гарах асуудлууд гарч байгааг ШТС-ынхан мөн хэлж байлаа.


Мөн үеэр аймгийн Засаг дарга Э.Энхбат, "Боломжит хэмжээгээрээ иргэдэд үйлчилгээ үзүүлээд явж байгаа хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагааг ойлгож байна. Түгээгч нартай холбоотой гаргаж буй гомдол саналыг үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд мөн харгалзан үзэх нь зүйтэй"-г онцолж байсан.


Энэ үеэр Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийг шатахууны дараалал үүсэхэд гарч буй хүндрэл дээр хамтран ажиллаж, аль болох шуурхай зохицуулалт хийж ажиллахыг чиглэл болголоо.

Related news