ӨМНӨГОВЬ: Говийн амьтдыг бодитоор харуулах шинэ үзмэрийн буланг нээлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Говийн уул, говь-хээрийн ховор ба түгээмэл амьтдыг бодит төрх, хэмжээ, хөдөлгөөнийг нь яг адилхан харуулсан орчин үеийн шинэ үзмэрийн буланг Говийн байгаль түүхийн музейд нээлээ.
Говийн байгаль, түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй чихмэл амьтдын шинэ үзмэрүүдийг ашиглалтад оруулж үзмэрээ 100 гаруй бүтээлээр баяжуулжээ.
Шинээр нэмэгдсэн үзмэр нь говийн уулын бүсийн амьтад болон говь-хээрийн бүсэд тархсан амьтдын төрөл зүйлсийг байгалийн жинхэнэ төрх байдлаар нь урласнаараа онцлогтой.
Энэхүү үзмэр нь говийн байгалийн төрөл зүйлийн олон янз байдал, амьтдын экосистем дэх үүрэг, амьдрах орчны онцлогийг олон нийтэд, ялангуяа хүүхэд, залууст илүү ойлгомжтой, сонирхолтой байдлаар хүргэх боломжийг бүрдүүлж байна.

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат:

-Байгалийн түүхийн музейд тал хээр, говь цөлийн бүсэд амьдардаг ан амьтан, жигүүртэн шувуудын чихмэлийг яг байгальдаа амьдаараа байгаа юм шиг урлан бүтээх ажлыг мэргэжлийн багийн хүмүүстэй хамтран хийж байхна. Шувуулахуйн холбооны тэргүүн, уран бүтээлч Д.Отгонсайхан энэхүү буланг гардан хийж бүтээсэн. Энэ буланг Байгаль түүхийн музейд байгуулснаар ЕБС-иуд байгалийн шинжлэлийн хичээлүүдээ энд ирж бодит орчинд хийх, байгаль хамгаалагчид үнэн бодит мэдээлэлтэй болох, гадаад, дотоодоос ирсэн жуулчид говийн байгалийн үзэсгэлэн болоод ан амьтныг яг хажууд нь очоод үзсэн мэтээр мэдрэмж авах зэрэг олон талын ач холбогдолтой. Ер нь бусад музейд байдаг үзмэрүүд хэмжээ өнгө зүснээс эхлээд бодит байдлаасаа өөр байдаг. Харин энэ музейн үзмэрүүд бол тухайн амьтны бодит арьсаар нь хийсэн хэмжээ өнгө, амьдардаг орчин, өвс ургамал, мод чулуу бүхий л зүйлсийг бодитоор хийж бүтээснээрээ онцлог давуу юм.
Энэхүү ажлыг мэргэжлийн хүмүүс нэлээн цаг хугацаа зарцуулан байж ашиглалтад хүлээлгэн өгч байна. Амар хялбархан хийчихдэг зүйл биш юм байна. Байгаль орчны яамнаас зөвшөөрлүүдээ авч ажлаа эхлүүлээд бодит амьтдын маань арьс үс нь бүтэн олдохоос эхлээд нэлээд олон хүний хүч хөдөлмөр зарцуулсан ажил боллоо. Ингээд сайхан музейтэй болж, сан хөмрөгөө улам арвижуулан ажиллах болно.
“Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбооны тэргүүн судлаач Х.Түмэндэлгэр:

-Манай аймгийн Байгаль түүхийн музейн хувьд өнөөдөр маш чухал өдөр болж байна. Учир нь хамгийн дутагдалтай байсан зүйл нь биологийн төрөл зүйл байлаа. Яагаад гэвэл Өмнөговь аймаг говийн бүс, аялал жуулчлалын тойргийн бүс гэдгээрээ биологийн олон янз байдал өвөрмөц ялгаатай байдаг. Тэгэхээр энэ бүхнийг иргэдэд танилцуулахын тулд музейд зайлшгүй биологийн төрөл зүйлийн булан байх ёстой.
Ингээд Өмнөговь аймгийн ИТХ болон аймгийн Засаг даргын зүгээс санхүүжилтийг нь биологийн төрөл зүйлийн үзлэгийн дэглэлтийг хийж ийнхүү дуусаж байна. Үзүүлэнгийн гол онцлог нь аймгийн уулын болоод хээрийн бүс, цөлийн бүсийн бүх амьтнаас төлөөллийг нь хийж бүтээж танилцуулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хамгийн сайн хийсэн чихмэлийн үзүүлэн болж байна.
Тодруулбал, өнөөгийн байдлаар Байгалийн түүхийн музейд ийм бодит байдлаар хийсэн үзлэгийн дэглэлт одоохондоо байхгүй. Харин олон улсын хэмжээнд бол ХБНГУ-ын Зинкин Бергийн музей биологийн төрөл зүйлийг байгаа байдлаар нь, яг байгаль дээр байгаа байдлаар хийснээрээ алдартай. Энэ музейн чихмэлийг тухайн амьтныхаа яг байгаль дээрх байдлыг харуулах, дээрээс нь тэр амьтны гоо зүйд сөрөг нөлөөлөхгүй байхад их анхаарч бүтээсэн. Ялангуяа манай монголчууд байгаль дэлхий болоод ан амьтан, шувуудыг харан баясах, талархан хүлээн авахдаа илүү санагддаг. Тиймээс энэ танхимыг хүмүүст илүү ойр байлгах үүднээс биологийн төрөл зүйлд нь говийнхоо ан амьтан, жигүүртэн шувууд зэрэг гол гол төлөөллийг оруулсан. Жишээлбэл, цоохор ирвэс, шилүүс, алтайн хойлог, хонин тоодог, цармын бүргэд, ооч ёл, идлэг шонхор, хар сүүлт зэрэг улаан номд орсон амьтад байгаа. Тухайн амьтдыг хоол идэж, бэлчээрлэж байгаа, махчин амьтан олз руугаа дайрч байгаа байдлаар ч юм уу ингэж дүрсэлж байсан нь илүү бодит болсон.
Мөн нэг голлох ач холбогдол нь тухайн амьтдын тухай гэрэл зураг, онцлох зүйл зэргийн тухай шинжлэх ухааны хамгийн зөв мэдээллийг англи, монгол хэлээр гаргаж тавьсан нь онцлог юм.
Тиймээс тухайн хичээлийн багш нар, сурагчид, орон нутгийн иргэд өөрсдөө энэ бүхнийг үзэж танилцах хэрэгтэй. Нэмж хэлэхэд байгаль орчны боловсролоо дээшлүүлэх, хайрлаж хамгаалах, танин мэдэх үйл хэрэгт том дэмжлэг боллоо хэмээн харж байна.
Өмнөговь аймгийн БОГ-ын дарга Х.Отгонмөнх:

-Биологийн төрөл зүйлийн булан манай
музейд нээгдэж байгаад талархаж байна.Тус булан 20 гаруй хөхтөн амьтан, 30
гаруй шувуу, 50-60 орчим шавж, мөлхөгч амьтдыг яг амьд юм шиг бодитойгоор урлан
бүтээжээ. Ер нь ухаалаг шийдэл, шинэ технологиор ан амьтан, жигүүртнийг үзүүлж
болох ч илүү амьдрал дээрээ яг ямар
амьтан бэ гэдгийг бодитоор нь үзэх чухал ач холбогдолтойг энэ үзүүлэнгийн булан
харуулж байгаа юм. Өдрөөс өдөрт энэ амьтдын амьдрах орчин, бүтцийн хөгжил, хүн
амын хөгжил, хүмүүсээс шалтгаалаад амьдрах орон зай багасаж байгаа. Ийм багахан
орчин нөхцөлд амьтдыг үзэхээр очиж айлгаж үргээх хэцүү. Харин одоо музейдээ
ирээд бүс нутагтаа тархан амьдардаг амьтад болоод шувуудыг үзэж танилцах
боломжоор хангагдаж байна. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр жилийн
хугацаанд хийж хэрэгжүүллээ.
Ulaanbaatar