ХӨВСГӨЛ: “Алунгоо эхийн сургаалын баяр”-ыг тэмдэглэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд ирэх оны 7 дугаар сард “Алунгоо эхийн сургаалын баяр”-ыг тэмдэглэнэ.
Тус баярыг 2002 онд анх тэмдэглэснээс хойш өргөжин тэлсээр аялал жуулчлалын эвент үйл ажиллагаа болж хоёр жилд нэг удаа тэмдэглэдэг болжээ.
Чандмань-Өндөр сумын нутгаар дамнан урсдаг Аригийн гол бол Алунгоо хатны уугуул нутаг ус гэж зарим түүхч, эрдэмтэд үздэг бөгөөд энэ нутагт Алунгоо хатантай холбоотой хууч яриа, гол усны домог цөөнгүй байдаг.
1992 онд Алунгоо хатанд зориулж 3 метр өндөр хөшөөг Чандмань-Өндөр сумын Аригийн голын өмнө "Тарагны овоо" гэдэг бяцхан өндөрлөг дээр босгожээ.
Хөшөөний эх загварыг зураач, барималч Ц.Цэдэн-Иш зохиож, өөрөө урлажээ. Хөшөө сумын төвөөс 12 км зайд байрладаг.
Монголын нууц товчоонд бичсэнээр Алунгоо бол Чингисийн алтан ургийнхны дээд эмэг эх буюу монгол аймгийн захирагч байсан Добу мэргэний гэргий юм.
Түүний эцэг нь хорь түмдийн ноён Хорилдай мэргэн, Алунгоо Добу мэргэний гэргий байхдаа Бэгүнэтэй, Бэлгүнүтэй гэдэг 2 хөвгүүн төрүүлсэн.
Добу мэргэнийг нас барснаас хойш Буха Хатаги, Бухату-салжи, Бодончар мунхаг гэдэг гурван хүү төрүүлжээ.
Алунгоо эх 5 хөвгүүнээ зэрэгцүүлэн суулгаж, хүн бүрд нэжгээд сум өгч үүнийг хугал гэхэд нь бүгд амархан хугачиж орхив.
Бас 5 сумыг нийлүүлж багцлаад хугал гэж өгвөл тавуулаа дараалан оролдоод хугалж эс чадав.
Алунгоо эх "Та нар ганц ганцаар салбал нэжгээд сум мэт хялбархан дийлэгдэх болно.
Эв эеэ нэгтгэвэл тэр багласан сум мэт бөх болж хэнд ч хялбар дийлдэхгүй" гэж сургажээ.



Ulaanbaatar