ХӨВСГӨЛ: Өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт амбулаториор 16950 хүн үйлчлүүлсний 11 хувь нь томуу томуу төст өвчинтэй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 385 хэвтэгсдийн 30.4 хувь нь амьсгалын замын цочмог халдварын шалтгаантай байна.
Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн дотор 77.3 хувийг 15, үүнээс 46.9 хувийг 5 хүртэлх насныхан эзэлж байна.
Бага насны хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл нэмэгдэж буй учраас Мөрөн сумын өрхийн эмнэлгүүдийг 20.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллуулж эхэллээ гэдгийг ЭМГ-ын Тархвар судлал хариуцсан мэргэжилтэн Д.Өлзийсайхан ярилаа.
Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшин нэмэгдэж дэгдэлтийн түвшинд байна.
ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторид Мөрөн сумын томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс ирүүлсэн 21 сорьцод шинжилгээ хийхэд 28 хувьд А(H3N2), 14 хувьд риновирус, 9.5 хувьд томуугийн вирус тус тус илэрсэн байна.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн тасаг нэгжийн сул байгаа орыг ашиглан 144 орыг нэмэлтээр дэлгэжээ.
Мөн хүний нөөцийн асуудал тулгамдаж буй учраас тэтгэвэрт гарсан ахмад эмч нар, өрхийн эмнэлгийн эмч нарыг нэмэлтээр ажиллуулж байна.
Ulaanbaatar