СЭЛЭНГЭ: Эрэн хайх, аврах салбарын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/.
Монгол Улсын Засгийн
газрын тогтоолоор Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байгуулсан Эрэн хайх,
аврах салбарын барилгыг ашиглалтад оруулж, үйл ажиллагааг нь өнөөдрөөс албан ёсоор эхлүүллээ.
Тус салбарын нээлтэд Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, Соёл, спорт, аялал
жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Онцгой байдлын ерөнхий газрын дарга,
хошууч генерал Г.Ариунбуян болон аймаг, сумын удирдлагууд, холбогдох албаны
төлөөлөгчид оролцлоо.
Сэлэнгэ
аймгийн Цагааннуур сум нь Түшиг, Сүхбаатар, Зүүнбүрэн, Хушаат сум болон Булган
аймгийн Сэлэнгэ сумтай хиллэдэг. Байгалийн онцлог,
газарзүйн байршлын хувьд ойн түймэр, зуд, усны осол зэрэг гамшиг, аюулт
үзэгдэл, ослын эрсдэл өндөртэй бүс нутагт оршдогоороо онцлогтой юм.
Иймээс Эрэн хайх, аврах салбар байгуулснаар
тус сумын болон хөрш зэргэлдээ Түшиг, Зүүнбүрэн сумын 10 мянга гаруй иргэнд
гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх боломж
бүрдэж байгаа юм.
Мөн
алба хаагчдын ажиллах орчин, техник хэрэгслийн хадгалалт, бэлэн байдлыг
сайжруулж, хил орчмын бүсэд тохиолддог гамшгийн үед үзүүлэх хариу арга
хэмжээний чадавхыг бодитоор нэмэгдүүлэх ач холбогдолтой болж байна.
Эрэн хайх, аврах салбарын барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан бөгөөд орчин үеийн стандартад нийцсэн төмөр бетон карказ, төмөр металл фасадтай, 400 гаруй ам.метр талбайтай, том оврын аврах болон тусгай зориулалтын авто машины зогсоолтойгоор барьж ашиглалтад оруулжээ.
Ulaanbaatar