ХӨВСГӨЛ: Хойд бүсийн шилдэг үйлдвэрлэгчээр “Хөвсгөл хүнс” компани шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монголын хүнсчдийн нэгдсэн холбооноос Хойд
бүсийн хүнс хөдөө аж ахуйн салбарын
шилдэг компаниар Монгол Улсын хүнсний манлай үйлдвэр Хөвсгөл хүнс компанийг тодруулсан
байна.
“Хөвсгөл Хүнс” ХК нь анх Хөвсгөл аймагт 1942 онд Идэш тэжээлийн яамны харьяа Хөвсгөл аймаг дахь Идэш тэжээлийн комбинат нэртэй байгуулагдаж байсан.
Өнөөдрийн байдлаар 50 гаруй иргэдийг тогтмол ажлын байраар хангаж талх нарийн боов, жимс жимсгэнэ чихэр цай , архи, цэвэр усны, нөөшилсөн бүтээгдэхүүний, бялууны цех гэсэн үйлдвэрлэлийн үндсэн 6 цехтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус компани Хөвсгөл аймгийн төвд 60 гаруй худалдаа үйлчилгээний төв, нэрийн барааны дэлгүүр, гэрээт дэлгүүрүүдтэй хамтран ажиллахаас гадна хөдөө орон нутагт 40 гаруй агент дэлгүүрээр дамжуулан хоймор нутгийн 140 гаруй мянган хүн амын хүнсний хэрэгцээнд бүтээгдэхүүнээ хүргэж байна.
Хөвсгөл хүнс ХК 80 гаруй жилийн турш талх, нарийн боов, архи, ундаа ус , чихэр, шүүс варень, ааруул, нөөшилсөн бүтээгдэхүүний чанарын стандарт хангасан бүтээгдэхүүнээ аймагтаа төдийгүй Монголын зах зээлд борлуулж байна.
Олон улсын чанарын хяналтын тогтолцоо “ISO-9001:2008 стандартыг аймаг орон нутагт анх удаа нэвтрүүлжээ.
“Хөвсгөл Хүнс” ХК төр засгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж аймаг орон
нутгийн төсвийн орлого бүрдүүлэхэд жинтэй хувь нэмрийг оруулж 2024 онд 380,5
сая төгрөгийг улс орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна.





Ulaanbaatar