Тосонцэнгэл Улиастай чиглэлийн замыг түр хаажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-11-19 14:28:38

Завхан аймгийн нутгаар хүйтний эрч эрс чангарч 40-45 градуст хүрнэ.

Завханд энэ сарын 18-19-ний шөнө, 19-нд нутгийн хойд болон Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Салхи 19, 20-нд ихэнх нутгаар 6-11 м/с, түр зуур секундэд 14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч эрс чангарч Идэр, Тэс, Буянт голийн хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 25-30 градус хүйтэн, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн, говь талын нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна гэж УЦУОШГ-аас мэдээллээ. Ойрын өдрүүдэд цаг агаарын нөхцөл хүндэрч, их хэмжээний цас орж, хальтиргаа гулгаа ихсэж байгаа тул зам тээврийн хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг анхааруулж байна.

Мөн Завхан аймгийн төв орох хоёр чиглэлд байрлах Ганцын болон Загастайн давааны орчим гулгаа их үүссэн байгаа тул орон нутгийн замд зорчих жолооч нар тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангуулж, шатах тослох материалын нөөцийг хангалттай авах, замын нөхцөлд үзэгдэх орчинг зөв тооцоолж, тохирох хурдыг сонгох, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох, иргэд зорчигчид хувийн бэлтгэлээ сайтар базааж, дулаан хувцаслаж замд гарахыг аймгийн Авто тээврийн төвөөс анхааруулж хяналт тавж ажиллаж байна.

Одоогоор Тосонцэнгэл Завханы чиглэлийн 180 км замыг 24 цагийн турш хааж автомашины хөдөлгөөнийг түр хориод байна. Харин Улиастай хотын төвөөр хальтиргаа гулгаа ихтэй байгаа тул аймгийн Замын цагдаагийн газрын бие бүрээлдэхүүн байнгын хяналт тавьж уртасгасан цагаар ажиллаж байгаа юм байна. Мөн техникийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаагүй, өвлийн дугуйгаа сольж тавилгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа хариуцлагагүй жолооч нарт шаардлага тавьж анхааруулга өгч байна.

Б.Мягмарсүрэн

Related news