Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд бүх анхаарлаа чиглүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-11-19 11:50:29

Дархан сумын ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчтлан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөлийг бүрэн шинэчлэнэ гэж тус сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням ярилаа.

Тэрбээр “Сумын ГХУСАЗЗ-ийн бүрэлдэхүүний талаар шүүх, прокурор, хууль сахиулах болон ЭМГ, БСУГ-ын удирдлагуудтай уулзан зөвшилцөж Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж батлуулахад бэлэн болголоо. Аймгийн Цагдаагийн Газрын дарга Цагдаагийн хурандаа н.Эрдэнэбаатартай уулзаж санал солилцож байхад Дархан сумын хэмжээнд архидан согтууралт нэмэгдсэн нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл бий болсон байна. Зөвхөн нэг өдрийн мэдээгээр 110 хүн эрүүлжүүлэгдэж цагдаа нар мөн төдий тооны хүнийг гэрийн хаягаар нь хүргэж өгсөн. Мөн эрүүлжүүлэгдсэн иргэд төлбөрөө төлдөггүйгээс урд онуудын хуримтлагдсан өр 13.0 сая төгрөгт хүрсэн. Өртэй хүмүүсийн судалгааг баг багаар нь гаргасан. Энэ жил цас их орж зам талбайд халтиргаа гулгаа ихтай байгаа тул төлбөрөө төлөөгүй хүмүүсийг энэ ажилд туслалцуулах замаар өр төлбөрийг нь барагдуулах ажил зохион байгуулах саналыг Дархан сумын Засаг дарга Б.Азжаргалд тавьсаныг судалж байгаа. Цагдаагийн газартай гэмт хэргийн шалтгаан нөхцөл, эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн мэдээг авч багийн Засаг дарга, багийн ИНХ-ын дарга, тэргүүлэгчдэд хүргүүлж иргэдтэй тулж ажиллах зорилт тавьж байна. Ойрын хугацаанд Тэргүүлэгчдийн хурлыг зарлаж ГХУСАЗЗ-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ” гэв.

                                                                                                                                                          Б.Норовсамбуу

Related news