Өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу тус аймгийн ОБГ, ХХААГ, ЭМГ, УЦУОША зэрэг холбогдох албадын төлөөлөл оролцсон ажлын хэсэг энэ сарын 22-ноос эхлэж сумдад ажиллахаар болсон тухай аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд сэтгүүлчдэд мэдээлэв.
Тус ажлын хэсэг сумдаар явж өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцана. Аймгийн нийт нутагт цасан бүрхүүл тогтож хөдөө аж ахуйд цаг агаарын байдал сөргөөр нөлөөлж өвөлжилт хүндрэх төлөвтэй болж байгаагаас сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж зарим нэг шаардлагатай дэмжлэгийг газар дээр нь үзүүлэх зорилгоор ажиллах юм байна. Энэ үеэр бэлчээрийн цасан бүрхүүлийн зузаан нягтыг тодорхойлж малчин өрхийн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж явуулын эмийн сангаар үйлчилнэ.
Мөн малд үзлэг тандалт хийж малчдын санал хүсэлтийг сонсож тэдэнд тугалын элгэвч нэмнээ, сонин сэтгүүл, тэжээл, дулаан хувцас, хөвөнтэй бээлийг зэрэг шаардлагатай эд зүйлийн дэм өгч Хонгор, Шарын гол сумын малчдад нийт дөрвөн тонн тэжээлийг хүргэж өгөхөөр төлөвлөжээ.
Б.Норовсамбуу